
Спортын тэр дундаа багийн спортын тэмцээнийг шүүн дэнсэлнэ гэдэг нь амаргүй хэрнээ хариуцлагатай ажил.
Тэд бол өрсөлдөөний талбар дээр нэг хором ч алдах эрхгүй ажилладаг. Хэрвээ нэг л удаа хариуцлага алдвал тухайн багийн мөн тамирчны ирээдүй эсрэгээрээ эргэчих эрсдэл дагуулдаг билээ.
Монгол улсад сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээн хөшгөө нээгээд 30 дахь жилтэйгээ золгож буй. Тэгвэл сагсан бөмбөгийн лигийн тэмцээний талбай дээр 25 жил тасралтгүй шүүн дэнсэлж байгаа МСБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ж.Мөнхзаяатай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Лигийн Плей-оффын тоглолтуудтай өдрийн мэнд хүргэе.
-Сайн байна уу? Плей-оффын тоглолтууд ид өрсөлдөөнтэй явагдаж байна. Лигт өрсөлдөж буй баг бүхэн алдах эрхгүй хариуцлагатай тоглолтууд гэсэн үг.
-Шүүгчид хариуцлагатай шүүвэл тухайн тоглолт эрсдэл бага дагуулна. Тэгэхээр та бүхэн хэрхэн цаг үеэ мэдэрч, өрсөлдөөний талбар дээр ажилладаг вэ?
-Тоглолт бүр өөр өөр явагддаг. Гэхдээ энэ дотроо тамирчдын характер нь тоглолт бүрт өөрчлөгдөөд ороод ирдэг учраас шүүгчдийнхээ сэтгэл зүйг бас яг тэр хэмжээгээр нь бэлдэх ажил бидний өмнө тулгардаг.
Мэдээж шүүгчид тоглолтыг ялангуяа чухал тоглолтыг шүүн дэнсэлнэ гэдэг бол маш хариуцлагатай ажил.


-2024-2025 оны лигийн улирлыг шүүн дэнсэлж буй бүрэлдэхүүний тухайд?
-Өнгөрсөн жилийн хувьд бол манайх 75 орчим шүүгчээс шалгалтаа аваад тэгээд олон улсын нэг шүүгчтэй, мөн Фиба-гаас 2 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй тоглолтоо явуулж байна. Лигийн Плей-оффыг шүүх 10 шүүгчийг бид бэлтгээд мөн Монголоос гурав, Фиба-гаас лиценз авахаар нэг шүүгч яг сургалтдаа хамрагдаад явж байгаа. Онцлоод хэлбэл манай Ганбаяр Фиба-гийн шүүгчийн эрх авахаар бэлтгэж байна. Мөн олон улсын гурван шүүгчтэй ажиллаж байна даа.


-Таны хувьд лигийн түүхэндээ тасралтгүй дэнслэн шүүж буй шүүгч. Хамгийн сэтгэлд тод үлдсэн шүүн дэнсэлсэн ямар тоглолт байна вэ?
-Яг лигийн тоглолтууд шүүж байсан дурсамжууд бол зөндөө л бий. Миний хувьд 25 жил лигийн тэмцээнийг тасралтгүй шүүн явуулсан. Гэхдээ толгойнд үлдсэн гэвэл жаахан маргаантай тоглолтууд үлддэг./инээв/
Онцлоод хэлбэл “Азарганууд”-“1+11” зэрэг багуудыг шүүсэн тоглолтууд толгойнд их үлдсэн байна.


-Шүүгчийн ажил бол их мэдрэмж, ур чадвар шаардсан хариуцлагатай ажил. Онцлогийн хувьд?
-Энэ шүүгчийн ажлыг хүн болгон хийж чадахгүй. Талбайн шүүгчийн ажлыг нэлээн мэдрэмжээ хөгжүүлэх, өөрийгөө мөн сэтгэлзүйгээ удирдах, тийм онцгой шинж чанарууд бас эзэмшдэг байх гэж би боддог. Мэдээж энэ ажил албаараа үнэхээр их бахархдаг.
Ярилцсанд баярлалаа.

