
НҮБ-аас өнгөрсөн баасан гарагт гаргасан тайландаа Иран улсын эрх баригчид хувцаслалтын дүрэм зөрчсөн тэр дундаа хижаб өмсөх ёстой гэсэн журмыг зөрчсөн эмэгтэйчүүдийг илрүүлэхэд царай таних технологи, гар утасны тусгай аппликэйшн болон дрон зэргийг ашиглаж байгаа тухай онцолжээ.
Ираны засгийн газраас гаргасан “Nazer” гар утасны аппликэйшны тусламжтай иргэд болон хууль сахиулагчид хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг цагдаад мэдэгддэг аж. НҮБ-ын тайланд Иран улсын эрх баригчид охид эмэгтэйчүүдийг хавчин дарамталж, хүний эрхийг системтэйгээр зөрчиж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсээр байгааг онцолжээ.
“Nazer” аппликэйшний хэрэглэгчид хижаб өмсөөгүй эмэгтэйн сууж яваа автомашины дугаар, байршил зэргийг тус аппликэйшнд бүртгүүлсэнээр цагдаа нар тус автомашиныг бүртгэж, тухайн тээврийн хэрэгслийн эзний утсанд анхааруулга илгээдэг аж.
Ираны цагдаагийн газрын FARAJA вэбсайтаас татаж болох тус аппликэйшний тусламжтай иргэд зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй хижаб өмсөөгүй охид эмэгтэйчүүдийг бус түргэн тусламжийн машин, такси, нийтийн тээвэрт зорчиж байгаа эмэгтэйчүүдийг цагдаад мэдээлж болох аж.
Түүнээс гадна Ираны эрх баригчид нийслэл Тегеран болон өмнөд зүгийн бүс нутгуудад олон нийтйин газруудад хижаб өмсөх журмын хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг агаарын дроноор шалгаж эхэлсэн ба Тегераны Амир Кабирын нэрэмжит Технологийн их сургуулийн үүдэнд эмэгтэй оюутнуудын хувцаслалтыг хянаж байхаар царай таних технологи байршуулжээ.
2022 онд Ираны засгийн газраас санаачилсан охид эмэгтэйчүүд зайлшгүй хижаб өмсөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Иран даяар өрнөж, эдгээр жагсаал цуглааны үеэр олон зуун амиа алдсан билээ.