
Өнгөрсөн оны яг өдийд 7%-тай байсан инфляц сүүлийн 7 сарын хугацаанд тасралтгүй өсч өнөөдөр 9,6%-д хүрч, цаашлаад өсөлтийн эрч нэмэгдэх төлөвтэй байна. Инфляц гэдэг үгийн цаана онолын том ойлголт байх хэдий ч инфляцын тоо өсч байгаа нь та бидний өдөр тутамдаа худалдан авч хэрэглэж буй бараа, бүтээгдэхүүний үнэ тэр хэмжээгээр өсч байгааг илтгэнэ.
График 1: Жилийн инфляцын хөдөлгөөн
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны ерөнхийлөгч бодлогын хүүгээ 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12% болгож буйгаа зарласан нь нийгэмд тодорхойгүй, дарамттай байдлыг үүсгэсэн. Засгийн газар ч төрөөс үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф төлбөр хураамжийг шат шатандаа нэмэхгүй байх тогтоол ч гаргалаа.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, инфляц, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үнэ ханш ямар байгааг танилцуулья:
Хэрэглээний зээл 35% буюу банкны салбарын судалгаагаар сүүлийн 3 жилийн дүнтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрэв
2025 оны эхэнд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн. Үүнийг дагаад худалдан авалт, бараа, үйлчилгээ, түрээсийн үнэ өсч, импорт нэмэгдсэн. Мөн цахилгааны төлбөрийн өсөлт, түүний дам нөлөө инфляцыг нэмэгдүүллээ. Сонирхолтой нэг зүйл нь иргэдийн гар дээр бэлэн мөнгө нэмэгдэхийн хэрээр бид хадгалах, хуримтлуулахаас илүү худалдан авч хэрэглээгээ дэмждэг нь эдийн засагт ийнхүү халалтыг бий болгожээ. Тухайлбал хэрэглээний зээл 35% буюу банкны салбарын судалгаагаар сүүлийн 3 жилийн дүнтэй харьцуулахад хамгийн өндөр түвшинд хүрсэн.
График 2: Зээлийн өсөлт
Эх сурвалж: Монголбанк
Импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн дотор автомашин, тээврийн хэрэгслийн худалдан авалт 2,8%-ийн өсөлттэй гарчээ. Харин дотоод эрэлтийн хувьд мах, махан бүтээгдэхүүний үнэ 1,7 хувиар өсжээ.
Ямартай ч бидний нуруунд үнэ тариф, хураамж, төлбөрөөр дарамт үзүүлж байсан төрийн үйлчилгээг түр хугацаанд нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газар тогтоол гаргасан нь энэ оны 8-9 дүгээр сараас инфляцад дарамт үзүүлэхээр байсан хоёрдагч үеийн нөлөөг буурууллаа гэж харахаар байна.
Тэгвэл инфляц энэ оны туршид хэрхэх вэ?
Эдийн засагчдын хэлж буй тайлбараар бол,
- дотоодын мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөж, хүнсний инфляц ирэх улирлуудад нэмэгдэхээр байна.
- Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа нь импорт, дотоодын барааны үнийг өсгөж, нийт инфляц энэ оны туршид хоёр оронтой тоонд хадгалагдахаар байна.
- Ирэх оноос эдийн засгийн идэвхжил алгуур саарч, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилснаар инфляц 2026 оны 2-р улирлаас зорилтын интервалд тогтворжихоор байна.
Бас нэг муу мэдээ нь Засгийн газар 2025 оны төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлсөн нь эрсдэл дагуулж байна. Манай улсад орж ирэх гол орлогыг бүрдүүлдэг нүүрс 2024 оны сүүлийн хагасаас эхлээд үнэ бурч, ганц худалдан авагч БНХАУ импортоо багасгасан бол нүүрсний зах зээл дээрх үнэ буурчихсан. Бид 2023 онд 117 ам.доллараар 1 тонн нүүрсээ зардаг байсан бол одоо 80 ам.доллараар зарж байна. Гэтэл нүүрснээс төсөвт орох ёстой орлого буурах нь тодорхой болж төсвийн орлого тасрах уу гэдэг асуулт урган гарч байна.
Трампын тарифын бодлого дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэд шууд нөлөөлөв
Тэгвэл нүүрс муудсан ч зэс, алтаараа нөхөх боломж байна уу?
Дэлхийн банк, Блүүмберг зэрэг олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудаас гаргасан мэдээллээс харахад нүүрсний үнэ одоо 80, 2026 онд бүр 1 тонн нь 75 ам.долларт хүрч буурна. Зэсийн үнийн хувьд 2023 онтой харьцуулахад бага зэрэг өсөлттэй байгаа ч төсөөлж байсан хэмжээнд хүрэхгүй байна. Хоёрдугаар сарын байдлаар 1 тонн зэс 9490 ам.долларын ханштай байна. Тэгвэл алт. шинжээчдийн урьдчилан төсөөлж байсан үнээс давсан бөгөөд 2024 онд 1 унц нь 2404 ам.доллар байсан бол энэ оны хоёрдугаар сард 2665 ам.долларт хүрчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй тарифын бодлого дэлхийн улс орнуудын эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж эхэлсэн. Учир нь Трампын тарифын бодлого дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэд шууд нөлөө үзүүлж эхэлсэн буюу зэсийн үнэ буурч, алтны үнэ өссөн. Улс орнууд эдийн засгаа хамгаалахын тулд алтны худалдан авалтыг нэмэгдүүлж байна. Гэтэл манай улсад алтны шороон ордуудын агууламж багасч, илүү гүний нөөц рүүгээ орохгүй бол шинээр алтны ордуудын лиценз олголт зогссон учраас өнөө төсвийн алдагдал, цоорхойг нөхөн тухай ойлголт бараг байхгүй гэж ойлгож болохоор байна.
Хүснэгт: Экспортын үнийн төсөөлөл
Эх сурвалж: Bloomberg, EIU, World Bank, DISR
Монголбанкны алт худалдан авалт сүүлийн жилүүдэд буурсаар байгаа бөгөөд 2024 онд 16,5 тонн алт худалдан авчээ.
Дэлхийн улс орнууд мөнгөний хатуу бодлого явуулж, эдийн засгаа хамгаалах, худалдааны бодлого улам өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, боломжит нөөцөө ашиглах чиглэлд бодлогын шийдвэрүүд гаргаж байна. Манай улсын хувьд Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж, Засгийн газар шийдвэрээ түр хойшлуулсанаас бусдаар эдийн засагтаа өнгөтэй харагдахаар алхам хийж эхлээгүй байна. Эдийн засагт хамгийн том хүндрэл үүсгэж буй асуудал бол Төсөв ба түүний алдагдал. Иймд богино хугацаандаа уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспортоо нэмэх, гол мөнгө олж ирдэг энэ салбарынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татварын зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг эдийн засагч, шинжээчид хэлж байна.
2024 онд дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт 3,2%
БНХАУ-ынх 5%, АНУ 2,8%, ОХУ 3,9% /ОХУ дайнд шаардлагатай худалдан авалтад хөрөнгө оруулалт их хийсэн нь эдийн засгийн өсөлтийн хэмжээнд огцом нөлөөлсөн/. Монгол Улсын хувьд 2024 онд 4,9% өссөн. Харин 2025 онд 6-6,5% өснө гэж өөдрөг төсөөлөлтэйгээр төсвөө баталсан. Гэхдээ энэ лнд эдийн засагт нөлөөлж болзошгүй эрсдэл хэд хэд бий.
Гарфик 3: Гадаад эдийн засгийн өсөлт, төсөөлөл
Эх сурвалж: ОУВС, Блүүмберг, EIU
Тухайлбал, геополитикийн тогтворгүй байдал үргэлжилж, АНУ-ын тарифын бодлогоос шалтгаалсан гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдлээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх онуудад саарч, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дотооддоо бол Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд хэрэгжих юм бол импортод ихээхэн дарамт учруулна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралт зэргийг дурьдаж болохоор байна.