
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад айлчилж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын зүгээс санал болгож буй галаа зогсоох гэрээтэй зарчмын хувьд санал нийлж, дэмжиж байгаа ч “зөрчилдөөн үүсэх болсон гол шалтгаануудыг” арилгах нь чухал хэмээн мэдэгджээ.
Тэрээр галаа зогсоох 30 хоногийн хугацаанд Киев армиа зэр зэвсгээр шинээр тоноглохгүй, шинээр цэрэг татахгүй байж, энэ хугацаанд барууны орнууд Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоох ёстой гэжээ.
Ерөнхийлөгч В. Путин Украин галаа зогсоох явдлыг дэмжиж байгаа нь Оросын армийн давшилт фронтын бүх шугамд ахицтай байгаа явдал мөн оросууд Украины хяналтандаа авсан ОХУ-ын бүс нутгуудын дийлэнхийг эргүүлэн авсан явдал нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. Тэрээр уг асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж магадгүй гэжээ. Үүнийг олон улсын ажиглагчид В. Путин Д. Трампын засаг захиргааны галаа зогсоох санаачилгыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шууд илэрхийлэхээс эмээж, Д. Трампын Украинд энхийг тогтоох эрмэлзлийг няцаахын оронд өөрийн хатуу шаардлагуудаа тулгаж, хэлэлцээг сунжруулж байна хэмээн үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский В. Путины зүгээс ийм төрлийн хариу хэлнэ гэсэн хүлээлттэй байснаа мөн ОХУ-Украины дайныг сунжруулж, үндэслэлгүй шалтаг тоочих тал нь ОХУ-ын Ерөнхийлөгч байх болно гэдгийг удаа дараа сануулж байснаа онцолжээ.
В. Зеленский В. Путиныг АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампад дайныг үргэлжлүүлэх хүсэлтэйгээ шууд хэлэхээс эмээж, оронд нь галаа зогсоох явдлыг сунжруулах эсвэл бүр дайныг дуусгахгүй байх шалтаг шалтгаан, нөхцлүүдийг гаргаж тавьж байна хэмээн буруутгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Вашингтон, Киев хоёр Украинд энхийг тогтоох явцад Киев газар нутгийн тал дээр ямар буулт хийх тухай, НАТО-гийн гишүүнчлэл зэрэг өөр бусад нөхцлүүдийг хэлэлцэж зөвшилцсөн талаар дурдаж, ОХУ эдгээр нөхцлийг зөвшөөрч, галаа зогсоохыг дэмжихгүй бол урам хугарсан явдал болно гэдгийг онцолжээ. Д. Трампын мэдэгдсэнээр ОХУ галаа зогсоох гэрээнд гарын үсгээ зурахгүй байх нь ОХУ-ын эдийн засгийн хувьд их хэмжээний хохиролтой байх аж. Ройтерс болон Блүүмберг агентлагуудын мэдээлсэнээр Москва Украин дахь дайнаа дуусгах, Вашингтонтой харилцаагаа сэргээх тал дээр тавих нөхцлүүдийнхээ жагсаалтыг АНУ-д илгээсэн ба үүнд Украины зэвсэгт хүчнийг татан буулгах, барууны Киевт үзүүлэх зэр зэвсгийг тусламжийг зогсоох, Киевийг НАТО-д элсүүлэхгүй байх зэрэг нөхцлүүд багтсан аж. Түүнчлэн Москва Киевт гадны зэвсэгт хүчнийг байршуулахгүй байх, Крымийн хойг болон Украины 4 мужийг ОХУ-ын газар нутаг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөхийг шаардаж магадгүй аж.