
“Өрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг урьж ярилцлаа.
Түүнтэй Ерөнхий сайдыг ямар үндэслэлээр огцруулахаар оролдож байгаа болоод үйлдлүүдийнх нь цаана ямар нэгэн компанийн эрх ашиг бий эсэх асуудлыг хөндлөө.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулсан. Ойрдоо нам гүм байна. Энэ байр сууриндаа хэвээрээ юу? Шантраагүй биз дээ?
-Тэмцээн уралдаан биш учир шантраад байх зүйл байхгүй. Энэ бичиг дөрвөн жил ч үргэлжилж болно. Дарамт бол мэдээж маш их ирж байгаа. Хамгийн хэцүү нь уулзалтууд, утасны дуудлагууд. Сошиалыг бол би дарамт гэж хүлээж авахгүй. Сэтгүүлч хүн угаасаа олон нийтийн сүлжээнд яллуулдаг, “дүүжлүүлдэг”. Бусад дарамтууд бол маш төвөгтэй байдаг юм байна.
-Хэн таны амь насанд заналхийлсэн юм бэ? Та төрийн хамгаалалт хүссэн үү?
– Нэг “лайвчин нөхөр” байдаг юм. “Тэр хүн намайг хамгаалж байгаа нэрийдлээд: “Гантөмөр өө, Оюун-Эрдэнэ ээ наад Лодойгоо хамгаалахгүй бол наад MCS чинь нухна шүү, төр нь хамгаалаарай” гэж хэлж байгаа юм. Үүнийг би шууд заналхийлэл гэж харж байна. Намайг огт хамаагүй групптэй холбоод надад ямар нэгэн муу юм хийх гэж байгаа юм байна гэсэн хардлага төрж байгаа юм. Муу юм болсны дараа буруутныг нь эртнээс зарлаж өгч байгаа юм байна. Засгийн газрын өмнөөс жагсдаг, лайв хийдэг тэр хүмүүсийн л нэг нь. Үүнийг би шууд заналхийлэл гэж бодож байна. Тэрнээс намайг хайрлаад л “Одоо хамгаалаарай, MCS нухах гэж байна шүү” гэдэг нь зүгээр ч нэг лайвын сэдэв биш. Тэр өөрөө ч бодоод олчихдог юм биш.
-Та УИХ-ын гишүүн юм чинь төрийн хамгаалалт хүсэж болно шүү дээ. Хүссэн үү?
-Үгүй ээ. Би Монгол улс арай чийм болчхоогүй гэдэгт итгэж байна. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг учиргүй хамгаалалт хүсээд л сүржигнээд баймааргүй байна. Гадны зарим улсууд шиг болчхоогүй гэдэгт итгэж байна. Монголчууд чинь хүний байтхаа амьтны амийг ч хайрладаг шүү дээ. Гэхдээ заналхийлж айлгахыг оролдож байна.
-Яг ямар үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулъя гэж байгаа вэ?
-Огцруулах бичгийнхээ үндэслэл дээр маш тодорхой бичсэн. Засаглалын хямрал руу биднийг хөтөлж байна. Ерөнхий сайдын засаглал рүү орлоо, автократи засаг би болж байна. УИХ Ерөнхий сайдын хуулийн тасаг болсон. УИХ-ын гишүүн чуулганы танхимд засгийн газрын яаралтайгаар судлуулахгүй гэнэт оруулж ирсэн хуулиуд дээр нь асуулт асуухаар зэмлэдэг болсон. Зарчмын зөрүүтэй санал гаргахад түүнийг унагаах гэж үзээд УИХ-ын гишүүдээс гарсан санал дэмжигдчих юм бол тэр саналыг буцаж унатал санал хураадаг болсон. УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэрэгсэхгүйгээр төхөөрөмж гацсан гэдэг горимын санал гаргаад унатал нь санал хураана.
-Тэгэхээр ганц Л.Оюун-Эрдэнэ сайд огцроод асуудал шийдэгдэх үү?
– Ганц энэ сайдыг огцруулаад асуудал шийдэгдэхгүй юм чинь гээд үргэлжлүүлээд амьдрах нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй бидэнд байгаа бил үү. Сонгуулийн цикл яагаад дөрвөөс зургаан жил байдаг юм. Яагаад гэвэл энэ хугацаанаас хэтрээд ирэхээр хяналтаа алддаг л байхгүй юу. Парламентийн засаглалтай орнууд хаан тавихгүйн тулд л дөрвөөс зургаан жилийн ажлаар дүгнэж сольдог. Оюун-Эрдэнэ гэдэг хүн зургаан жил том дарга хийлээ. Тэгээд үр дүн нь юу юм. Хэвлэлийн эрх чөлөө, авлигын индекс бүгд хойш ухарсан.
– Нөгөө талдаа нэг хүнд ногдох ДНБ 4000-6000 болж өслөө гээд өсөлттэй тоонууд яриад байгаа шүү дээ?
– Ийм дарангуйлагч нартай, дарангуйллын бүлэглэл засаглаж байгаа энэ үед эдийн засгийн өсөлт гэдэг тэр дарга нарын л мөнгө байдаг. Бид үүнийг нүдээрээ харж байна.
– Хан-Уул дүүргийнхэн намайг улс төрд оруулсан. Гантөмөр дарга надад боломж олгосон итгэсэн, дэмжсэн. Гантөмөр даргыг улс төрд намайг оруулсан юм чинь гээд нүдэн дээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нийгэм эдийн засгийн доройтлыг нүдээ аниж тэвчээд эсвэл бүр оролцоод байвал би лав тэсэхгүй. Иргэдийнхээ эрх ашиг, улсынхаа эрх ашгыг дээдэлнэ гэж тангаргалъч гэчхээд намйн дарга маань намайг ингэсэн юм даа гэж сууна гэдэг бол утгагүй.
-Таныг MCS-ийн “Ухаа худаг”-ын ордыг хамгаалж Ерөнхий сайдыг огцруулъя гээд байна уу гэж олон нийт хардаж байгаа шүү дээ?
– Миний Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарч ирсний дараа тэд нарын зохиосон зохиол нь энэ. Би ер нь сонгуулиар юу ярьж дэвшсэн юм. Сонгуулийн өмнө би ерөнхий сайдтай хоблоотой юу ярьдаг байсан юм. Үүнийг мартчихаж хүмүүс. Гэтэл л MCS-ийн Ухаа худгийг надтай холбож гаргаж ирээд л “тархи угааж” байгаа юм. Хэрсүү хүмүүс бол харж байгаа. Сонгуулийн үеэр би Оюун-Эрдэнийг л ярьж нэр дэвшсэн шүү дээ. “Ерөнхий сайдыг сайн юм хийх гэнгүүт л Лодой гарч ирээд байна. Хэдэн компанийг өмөөрөөд байна” гэдэг ойлголт төрүүлэхийг зориод нийт хүмүүсийн 20-30 хувь нь үүнд итгээд байх шиг байна. Баялгийн сантай болохыг эсэргүүцдэг ямар “мангар гишүүн” байх юм бэ. Л.Оюун-Эрдэнэ л байж байж Баялагийн сангийн хууль хэрэгжинэ гэсэн үг биш. Энэ ажлыг ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн үргэжлүүлээд явна. Үргэлжлүүлэхгүй байх боломж ч байхгүй.