
Пакистаны Балучистаныг Чөлөөлөх арми өнгөрсөн мягмар гарагт Jaffar Express зорчигч тээврийн галт тэргийг барьцаалжээ. Тус галт тэргэнд тухайн үед 450 орчим хүн зорчиж байсан байна. Салан тусгаарлагчид галт тэргийг барьцаалахаасаа өмнө төмөр замыг дэлбэлж, зүтгүүрийн вагон руу гал нээсэн ба үүний улмаас галт тэрэгний машинист шархдаж, галт тэрэг Афганистан болон Ирантай хиллэдэг хилийн ойролцоо зогссон байна.
Пакистаны аюулгүй байдлын алба өнгөрсөн лхагва гарагийн орой барьцаалагдсан галт тэрэгнээс 190 орчим хүнийг аварсан ба агаараас болон хуурай газраас явуулсан ажиллагааны үеэр Балучистаныг Чөлөөлөх армийн 33 цэрэг, барьцаанд байсан 21 хүн амиа алдсан тухай мэдэгджээ.
Балучистаныг Чөлөөлөх арми Балучистаны улс төрийн хоригдлууд, идэвхтнүүд болон Пакистаны армид хулгайлагдсан иргэдийг 48 цагийн дотор суллахыг Пакистаны эрх баригчдаас шаардсан ба шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд барьцааны хүмүүсийг хөнөөж эхэлнэ хэмээн анхааруулжээ.
Өнгөрсөн лхагва гарагийн орой Балучистаныг Чөлөөлөх арми Пакистаны эрх баригчдын зүгээс шаардлагыг нь биелүүлээгүй учраас барьцааны 50 хүнийг хөнөөсөн болохоо мэдэгджээ. Балучистан нь Иран болон Афганистантай хиллэдэг Пакистаны муж юм. Салан тусгаарлагчид Пакистаны засгийн газар Балучистан мужийг үл хайхарч, дарлан мөлжиж ирсэн хэмээн буруутган, олон арван жилийн турш үймээн бослого гаргасаар ирсэн аж.