
Зүрхний хурц дутагдалтай Австрали эр зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох хүртлээ титанаар хийгдсэн хиймэл зүрхтэй 100 хоног амжилттай амьдарсан анхны хүн болжээ. Австралийн эрдэмтэд болон эмч нар үүнийг клиникийн маш том амжилт хэмээн үзэж байгаа аж.
Австралийн Нью Саут Уэльс мужийн оршин суугч 40 настай эрэгтэй хиймэл зүрх шилжүүлэн суулгуулахыг зөвшөөрсөн Австрали улсын хувьд анхных, дэлхийн 6 дахь хүн болсон аж. Донорын жинхэнэ зүрх суулгуулах хүртлээ титанаар хийгдсэн хиймэл зүрхийг суулгуулсан эхний 5 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн ба тэдгээр өвчтнүүдээс титан зүрхтэй хамгийн олон хоног амьдарсан нь 27 хоног байжээ.
Австралийн өвчтөнд титан зүрхийг өнгөрсөн 11-р сарын 22-нд Сидней хотын Гэгээн Винсентийн эмнэлэгт суулгасан ба 6 цаг үргэлжилсэн тус мэс заслыг цээжний хөндийн мэс засалч, эрхтэн шилжүүлэх мэс засалч Пол Янсц удирджээ. Өвчтөн АНУ-ын Калифорнид төвтэй BiVACOR компанийн бүтээсэн титан зүрхтэй энэ сарын эхээр донорын зүрх шилжүүлэн суулгуулах хүртлээ нийт 100 гаруй хоног амьдарсан байна. BiVACOR компанийн хиймэл зүрх нь клиникийн судалгаа шинжилгээний эхний шатанд явж байгаа ба зүрхний шигдээс, зүрхний ишеми зэрэг өвчнөөс болж зүрх гэмтэж, ажиллагаа нь алдагдсанаас болж зүрхний дутагдалд орсон өвчтнүүдэд зориулж бүтээгджээ.
BiVACOR компанийг үндэслэгч австралийн био инженер Дэниел Тиммс уг хиймэл зүрхээ аав нь зүрхний өвчний улмаас өөд болсоны дараа бүтээсэн ба тэрээр олон арван жилийг зориулсан ажил нь амьдрал дээр биеллээ олж байгааг харах гайхалтай байна гэжээ. Д. Тиммс, “BiVACOR компани манай хиймэл зүрхэнд итгэл найдвар үзүүлсэн өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд гүнээ талархаж байна. Тэдний энэ зоригтой алхам өөр олон өвчтнүүдэд уг технологийг ашиглах замыг нээж өгөх болно.” гэжээ. Австралийн засгийн газар нь BiVACOR компанийн хиймэл зүрх бүтээх, олон нийтэд таниулах ажилд 50 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Дэлхий даяар жил бүр 23 сая гаруй хүн зүрхний дутагдлаар шаналдаг ч тэдгээрээс 6 мянга нь л донорын зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж, амь аврагддаг байна.