
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ гэж зарласан. Үүний дагуу төр, хувийн хэвшлийн олон байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалт өгсөн юм.
“Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод” санаачилгаа үндсэн дөрвөн стратеги баримтлан хэрэгжүүлж буй аж.
- Зөв газар, зөв модыг зөв зориулалтаар тарьж, ургуулах
- Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах,
- Урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх,
- Талуудын оролцоог хангасан байх.
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хэрэгжилт 20 хувьтай байна
Энэхүү хөтөлбөрийн гүйцэтгэлийг зураглавал үндсэн хоёр хэсэгт хуваагдана. Тодруулбал, ойжуулалтын хүрээнд 1.6 сая мод тарьж ургуулсан бол 19 сая мод тарьж ургуулахтай дүйцэх ажлууд хийгдэж, нийт дүнгээр 20.5 сая мод тарьж, ургуулсан гэсэн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
Ойжуулалтын ажлуудыг Богд уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд сумдад хийсэн. Мод тарих нь зөв тариалалт, байнгын арчилгааны үндсэн дээр урт хугацаанд үр дүнгээ өгдөг учир “Оюу толгой” компани тарьж ургуулсан мод бүрийн тогтвортой ургалтад онцгой анхаарч ажиллаж ирлээ.
Дүйцүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдад хариуцлагагүй уул уурхайн ажиллагааны улмаас орхигдсон 615.9 га талбайд газрын нөхөн сэргээлт хийж, жилд 250,000 – 500,000 ширхэг тарьц, суулгац ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газруудыг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо сумдад байгуулcан юм.
Түүнчлэн ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий зургаан багц, 48 тоног төхөөрөмжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өгсөн. Үр үржүүлэг, тарьц тарих уламжлалт аргуудыг шинэ технологитой хослуулан судлах туршилтуудыг хийж, байгаль орчин, ойн инженер мэргэжлээр суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг олгоод байна.
2025 оны зорилт
Үндсэн төлөвлөгөөгөөр Оюу толгойн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн II үе шат 2025 оноос эхлэх бөгөөд масс ойжуулалтын ажил буюу сэрүүн бүсэд шилмүүст модоор ойжуулалт хийх, Говь цөлийн бүсэд заган ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, ойн салбарыг чадавхжуулах ажлын хүрээнд Мод үржүүлгийн газруудыг байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.