
Саудын Арабын Жидда хотод Украин болон АНУ-ын төлөөлөгчдийн уулзалт болж өнгөрөв. Украины талаас тус уулзалтад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, Украины Гадаад харилцааны сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров оролцсон бол АНУ-ын талаас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц уулзжээ.
Уулзалт болохоос өмнө Марко Рубио Киев хүнд хэцүү шийдвэрүүд гаргаж, буулт хийхэд бэлэн байх ёстой, ингэсэн тохиолдолд АНУ Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ сэргээнэ гэж мэдэгдэж байсан юм. Уулзалтын үеэр Вашингтон талуудыг 30 хоног галаа зогсоохыг санал болгосныг Киев зөвшөөрсөн байна. АНУ, Украины төлөөлөгчдийн уулзалт дууссаны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киев галаа бүр мөсөн зогсооход бэлэн гэдгийг мэдэгджээ. Тэрээр, “Украин улс энхийг тогтооход бэлэн. Одоо ОХУ-ын тал дайныг зогсоох эсвэл дайныг үргэлжлүүлэх эсэхээ мэдэгдэх ёстой.” гэжээ. Уулзалтын үр дүнд Вашингтон Киевт үзүүлэх тусламж дэмжлэгээ сэргээж, тагнуулын мэдээгээ Киевтэй дахин хуваалцахаар болсон байна. Украины Ерөнхийлөгч В. Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамптай Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр маргалдсанаас хойш Вашингтон Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоож, тагнуулын мэдээгээ хуваалцахаа больсон байсан юм.
Хэлэлцээний үеэр талууд Украины байгалийн нөөцийн тухай гэрээг хөндөөгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М. Рубиогийн мэдэгдсэнээр Украины байгалийн нөөцийн тухай гэрээг хоёр улсын сангийн сайд нар тусдаа хэлэлцэж байгаа аж. Вашингтон Киевтэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнг ОХУ-д танилцуулах ба ОХУ-ын талаас галаа зогсоож, энхийг тогтоохыг зөвшөөрнө гэж найдаж буйгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М. Рубио илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп Оросын тал энхийн гэрээнд гарын үсгээ зурах хүртэл ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ хэмээн амласан ба Вашингтон болон Киевийн төлөөлөгчдийн уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид ОХУ-ын талтай өнөөдөр юмуу маргааш уулзана хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп Украины Ерөнхийлөгч В. Зеленскийг Цагаан ордонд дахин урина гэдгээ онцолсон байна.