
Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн 30 дахь улирлын эмэгтэй багийн аваргаар “Улаанбаатар Амазонс” баг тодорч, 100 сая төгрөгийн шагнал хүртсэн билээ.
Тэд аваргын цувралд “Омни Хүлэгүүд” багийг 4:2 харьцаатай буулган авч хоёр дахь удаагаа аваргын цомоо өргөж буй нь энэ юм.
2024-2025 оны улирлын эмэгтэй лигийн аваргын цомыг “Улаанбаатар Амазонс” багийнхан өргөв
“Улаанбаатар Амазонс” багийн хувьд сүүлийн гурван жил финалдаж, 2022-2023 оны улирлын аваргын цомыг өргөж байсан удаатай. Тэд энэ улиралд ердөө ганцхан хожигдож, лигийг тэргүүлсэн билээ. Мөн багийн ахлагч Б.Ариунцэцэг энэ жилийн MVP цомыг хүртсэн. Тус багийн гол тоглогч болох О.Хулан БНХАУ-ын дээд лигийг зорьсон ч “Улаанбаатар Амазонс” багийнхан системээ хадгалж, аваргын цомоо өргөж чадлаа.
Бид тус багийн ахлагч Б.Ариунцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

2024-25 оны улирлын MVP Б.Ариунцэцэг тодорлоо
-Сайн байна уу? Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа дээд лигийн тэмцээний аваргын төлөө “Омни Капитал” багтай өрсөлдөж, ялалт байгуулан Аваргын цомоо өргөсөнд нь баяр хүргэе.
-Сайн байна уу? Баярлалаа. Ямар ч байсан аварга авсандаа маш их баяртай байна. Аваргын төлөөх тоглолтон дээр манайх цувралд эхлэлээсээ айл эхлээд хожиж явсан. Тэгээд манайх яг араас нь хөөж явж байсан тоглолтууд их байлаа. Эхний дөрөв дэх тоглолтон дээр 4-4-өөр тэнцээд маш хүчирхэг тоглолтууд их болсон.
Сүүлийн хоёр тоглолтон дээр маш их контакттай, эсрэг баг маань аварга баг байсан. Аваргаа хамгаалах гэж буй багийн эсрэг тоглосон. Тэгээд бид нар өөрсдийнхөө хийж чадах ёстой бүх зүйлүүдээ хийгээд, аварга авсандаа баяртай байна.


-Аваргын төлөө өрсөлдөөд ялалт байгуулсан “Багийн гол нууц” юунд байв?
-“Улаанбаатар Амазонс” маань гол зүйл нь гэвэл шинэ гадаад дасгалжуулагчтай болсон. Тэгээд дээрээс нь импорт тоглогчоо маш эрт авчирсан. Зургаан сарын өмнө нь ч юмуу авчраад хамтдаа багаараа бэлтгэлээ хийгээд л, эхнээс нь Амазонс гэдэг баг хоёр жилийн өмнөх тоглолтуудыг бодвол бид нар илүү их хурдан довтолгоо, хамгаалалттай довтолгоо, дээр нь багийн ажиллагаа маш сайтай байсан гэж бодож байна.
Манай коач Испани хүн. Европт сагсан бөмбөг яг ямархуу байдаг гэдгийг бид нарт зөндөө зааж өгч, хэлж ойлгуулан сургасан. Сурсан зүйлүүд маш их бий.


-Б.Ариунцэцэгийн хувьд 2024-25 оны дээд лигийн улирлын MVP буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан. Баяр хүргэе. Мэдээж энэ хүртэл бартаа даваа ихтэй байсан болов уу?
-Ямар ч байсан ийм том шагнал дээрээс нь улирлынх, дээр нь нэмээд финалын MVP авсандаа маш их баяртай байгаа. Одоо ч бараг итгэхгүй байна. Тэгээд надад манай багийнхан байсан тулдаа би яг ийм том шагналыг авч байгаа байх гэж бодож яваа. Багийнхандаа маш их баярлалаа.
Б.Ариунцэцэг энэ улиралд 15 тоглолтод 19.0 оноо, 9.7 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 49 хувийн довтолгоо дунджилсан байна.


Б.Ариунцэцэг: Грэйс манай багт ирсэн нь маш том амжилт
-“Улаанбаатар Амазонс” багтаа нэгтгэсэн легионер тоглогч Грэйс маш туршлагатай тоглогч. Түүний багтаа оруулсан хувь нэмэр их байгаа болов уу?
-Бид нар багтаа анх удаагаа легионер тамирчин авчирч байгаа. Грэйсийн хувьд маш гоё нийтэч, манай багт байх ёстой хүн л юм шиг санагдсан. Дээрээс нь хувь хүний зан чанар ч гэсэн даруу төлөв, маш тайван, багийнхнаа удирдаж чаддаг. Яг тийм гоё тоглогч. Тэгээд Грэйстэй хамт тоглоход надад маш гоё тайван байдаг. Угаасаа ийм хүн байгаа юм чинь бат оноо гэдэг зүйл байсан болохоор Грэйс манай багт ирсэн нь маш том амжилт.
Ярилцсанд баярлалаа.

