
Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатарын төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1980 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлжээ.
Б.Наранбаатар нь чөлөөт бөхийн 55 кг-ын жингийн шилдэг тамирчдын нэг байлаа. Түүний хувьд 1994 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгийн МУГД Х.Намшир багшийн чөлөөт бөхийн секцэнд элсэн орж, улмаар МУГД Б.Баттулга багшийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг болсон түүхтэй. Ингээд 1997 онд Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсч, 2003 онд УБИС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн ажээ.
МУГТ Б.Наранбаатарын амжилтууд:
- 2002 онд Иран Улсад болсон Тахтийн нэрэмжит тэмцээн, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээнд хошой аварга
- 2003 оноос хойш Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д тогтмол оролцсон
- 2005 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн.
- 2007 оны ДАШТ-д эхний гурван даваанд Гүрж, Турк, Сирийн учраагаа ялаад, хагас шигшээд Беларусийн Ризван Гажиевийг 2:0, 1:1, 1:1-ээр гурван үеийн турш илүүрхэн ялж, дэлхийн аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын Бесик Кудуховт хожигдож мөнгөн медаль авч байв.
- 2004 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө
- 2005 оны дэлхийн оюутны универсиад их наадмаас алтан медаль
Дотоодын тэмцээн, уралдаан:
Б.Наранбаатар гурван удаа 2004, 2008, 2012 олимпод зодоглож байв. УАШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, 2005 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан билээ.