О.Батнайрамдал: Стратегийн ордуудын 34 хувийг төр авснаар баялгийг тэгш хуваарилна

“Би одоо л жинхэнэ сайд болж байна” гэж ярих Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ам нээж, олны анхаарлыг татлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ сайдын “түнжин тасарч” байгаа нь Засгийн газар огцрох шалтгаан болж магадгүй гэж олон нийт үзэж буй. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэе.
- Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг. Уул уурхайн экспорт өсөхөөр уул уурхайн компани, түүнтэй холбоотой цөөн аж ахуйн нэгжүүд үр ашгийг нь хүртэж, төсвийн орлого нэмэгдсэнээр цалин, тэтгэвэр тэтгэмж өсдөг ч уул уурхайн бус салбарын хувийн хэвшил, баялаг бүтээгчид өрсөлдөх чадвар, хүний нөөцөө алдаж эхэлдэг сул талтай.
- Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй. Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.
- Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.
Ухаа худаг Ж.Оджаргал нарын хүмүүст очихдоо анхнаасаа хуудуутай очсон уу? Чухам ямар замаар тэдэнд олгов?
- Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Таван толгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг.
СТРАТЕГИЙН ОРД ХУУЛИЙН ДАГУУ ОЧСОН ЭСЭХИЙГ Л НЯГТАЛЖ БАЙГАА
- Дубайн гэрээг Засгийн газраар хэлэлцүүлээгүй, Ерөнхий сайд захирамж гаргасан нь асуудал дагуулсан. Эрдэнэтийн 49 хувийг ч мөн адил УИХ-аар оруулаагүй шийдвэрлэсэн нь асуудал болсон.
- Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
- Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв. За, дундын баялгаа ашиглуулдаг юм байж, ядаж иргэдийн сонгож, өөрсдийгөө төлөөлж гаргасан УИХ-аар ил тод хэлэлцчих ээ. Манай улсад, миний амьдрах орчинд, надад, миний үр хүүхдэд яг ямар өгөөжтэй байх юм бэ гэж тэд асууж байгаа нь зүй ёсны л асуулт.
- Оюутолгойн 34 хувь 2.3 тэрбум ам.долларын өртэй байсан учраас энэ хуулийг баталж чадахгүй байсан. Эрдэнэт дээр 49 хувь ч маргаантай байсан. Таван толгой тойрсон асуудал ч нэлээд л зүйл болсон. Энэ олон маргаантай асуудлын цаана Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх л үндсэн зорилго байсан юм.
ТАВАН ТОЛГОЙ ОРДЫН 51 ХУВИЙГ “MMC”, ХЯТАДЫН ТАЛ “ШИНХУА” 49 ХУВИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭДЭГ ХЭЛЦЭЛ БОЛЖ ХУВИРСАН
- Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.
- Гацсан шалтгаан нөгөө л Таван толгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. Мэдээж геополитикийн асуудал байсан. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.
- Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганц мод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.