
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025” энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.
Зүүн бүсийн 45 баг сүлжээгүй байна
Зүүн бүсийн бүх аймаг, сум суурин газруудад шилэн кабелиар холбогдсон. Тухайлбал, Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сум бүгд шилэн кабельд холбогдсон бол Дорнод аймгийн 14 сумаас 13 нь шилэн кабельд холбогджээ.
Үүний зэрэгцээ, аймгийн төвүүдэд 4G сүлжээ тогтвортой ажиллаж байгаа ч алслагдсан багуудад сүлжээ сул, зарим тохиолдолд 2G болон 3G ашиглаж байна. Тодруулбал,
Хэнтий аймгийн 83 багаас 21 нь 4G, 38 нь 3G сүлжээнд холбогдож, үлдсэн 24 баг нь сүлжээнд холбогдоогүй байна.
Сүхбаатар аймгийн хувьд 66 багаас 15 нь 4G сүлжээтэй, 43 баг нь 3G сүлжээнд холбогдсон бол 8 баг огт сүлжээгүй байна.
Дорнод аймгийн хувьд 63 багаас 16 нь 4G сүлжээнд холбогдсон бол 34 нь 3G сүлжээнд холбогджээ. Үлдсэн 13 баг нь огт сүлжээгүй байна.
Үүний зэрэгцээ, 5G технологийг хот суурин газруудад туршиж эхэлсэн ч орон нутагт бүрэн нэвтрүүлэхэд дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.
2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулна
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэхэд анхаарч, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.
Хэнтий аймгийн 11 цэг, Сүхбаатар аймгийн 12 цэг, Дорнод аймгийн 6 цэгт тус, тус сүлжээ оруулна.
Үүний зэрэгцээ, алслагдсан багуудад хиймэл дагуулын интернэтийн шийдэл нэвтрүүлэх, 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, төрийн байгууллагууд болон сургуулиудыг өндөр хурдны интернэтээр хангах зэрэг зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил, шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025”-ийг энэ сарын 14 – 15-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр орон нутгийн иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна.