
Өрөг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оролцлоо. Түүнтэй Засгийн газар стратегийн ордуудын 34 хувийг ямар шалтгаанаар авч байгаа болоод MSC компаниас хандив авсан УИХ-ын гишүүд MSC компанийн эзэмшлийн “Ухаа худаг”-ийн 34 хувийг төрд авч чадах уу гэх мэт сэдвүүдээр ярилцлаа.
– Та УИХ-ын гишүүн болоод хагас жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд юу хийв. “Гишүүн” болж амжив уу?
– Хагас жилийн хугацаанд маш олон зүйл болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн гэдгийг миний хувьд нийгмийн чухал асуудлууд дээр олон нийтийн эрх ашгийг төлөөлөн шийдвэр гаргах гэж ойлгож байгаа. Миний хувьд маш их цаас уншиж түүнээсээ дүгнэлт хийн богино хугацаанд үр дүнтэй, мэдээлэл дээр суурилсан шийдвэр гаргахын төлөө ажиллаж байна.
– Та саяхан өөрийнхөө сошиал хаяг дээрээ нээлт хийсэн юм шиг мэдээлэл оруулаад байсан. “Ухаа худаг”-ийг 2008 онд хууль бусаар MCS компанид олгосон гэж ярьж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор би таныг нэвтрүүлэгтээ урьсан юм. Энийг та сая л мэдэж байгаа юм уу? Та чинь Уул, уурхайн дэд сайдаар ажиллаж байсан хүн шүү дээ?
– Нээлт хийсэн ч юу байх вэ. Тухайн үеийн гэрээ, тэмдэглэл нь олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэрийг хараад л уг асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн хэрэг. Дэд сайд “Ухаа худаг” хувьчлагдсан ч юм уу, тухайн үеийн Засгийн газрын тэмдэглэлийг харсан байх албагүй л дээ. Жилд Засгийн газрын хэдэн зуун тэмдэглэл, Ерөнхий сайдын хэдэн зуун тогтоол, захирамж гарч байгаа шүү дээ.
– Яагаад хууль бусаар олж авсан гэж үзэж байгаа юм бэ?
– Үндсэн хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын эзэмшил өөрчлөгдөхөд Засгийн газар УИХ-д үүнийг өргөн барьж зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ процесс болсон уу үгүй юу гэдэг “асуултын тэмдэгтэй”. Тэр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллээр бол Засгийн газрын хурлаар стратегийн ач холбогдол бүхий ордын хувь эзэмшлийг нь өөрчлөөд гэрээ хийх үүрэг өгсөн байгаа нь Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн байж болзошгүй байгаа юм. Үүн дээр одоо хууль зүйн албан ёсны дүгнэлт гарах ёстой. Миний мэдэж байгаа зүйлсийн хүрээнд бол “асуудалтай” харагдаж байна.
– Стратегийн ордуудын 34 хувийг төр авах ёстой гэж “таны дарга Л.Оюун-Эрдэнэ” үзээд байгаа шүү дээ.Энэ нь Феодалын үеийнх шиг хөрөнгө хураалт биш үү?
– Ерөнхий сайд үзэж байгаа юм биш шүү дээ. Хуулиндаа заасан байгаа. Энэ бүр 2006 онд Ашигт малтмалын хуулинд заасан зүйл заалт. Хэрвээ стратегийн ач холбогдол бүхий орд байх юм бол улсын төсвөөр хайгуул нөөцийг нь тогтоосон, хувийн хэвшлийн төсвөөр хайгуул нөөцийг нь тогтоосноос хамаараад улс 34-50 хувийг эзэмшинэ гээд хуулиндаа заачихсан байгаа. Гэнэт гарч ирсэн юм биш 20 гаруй жил хэрэгжээгүй заалт байхгүй юу. Одоо үүнийгээ эргээд нэхэж байгаа юм. Яагаад гэвэл бид Үндэсний баялагийн сантай болсон. Энэ санд стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийн ногдол ашиг төвлөрнө гээд заачихсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд урд нь хэрэгждэггүй байсан хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүсчхээд байгаа юм. 2012-2020 онд нэг хүнд ногдох ДНБ 4000 ам. доллар дээр очоод гацчихсан. 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6800 ам, доллар болтлоо өссөн. Сүүлийн жилүүдэд манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай улсуудын тоонд ороод явж байна. Гэтэл энэ өсөлт иргэн бидэнд мэдэгдэхгүй байна шүү дээ. Шалтгаан нь уул уурхайтай хэт хамааралтай эдийн засаг дээр гардаг эрсдэл энэ. Уул уурхайн салбар бусад салбартай харьцуулахад ажиллах хүч хамаагүй бага. Капитал буюу биет хөрөнгийг илүү их шаарддаг. Өөрөөр хэлбэл Уул уурхайгаас гарч ирж байгаа тэр том өсөлт ойр байгаа цөөн хүнд их хэмжээний ашиг өгөөд нийт иргэдэд хүрэхгүй байна. Энэ л уул уурхай дээр түшиглэн хөгжиж байгаа улсын эрсдэл. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогын хуваарилалт дээр нэмэлт зохицуулалт хийхгүй бол баялгийн хуваарилалт тэгш бус явагддаг. Үүнийг засах гэж байгаа гол механизм бол Үндэсний баялгийн сан.
– Танай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа, ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал зэрэг нэр бүхий олон УИХ-ын гишүүд MSC компаниас сонгуулиар хандив авсан байна. Та хандив авсан уу?
– Сонгуулиар миний хандивын дансанд MCS компанийн холбогдолтой дөрвөн компаниас нийт 100 сая төгрөгийн хандив орж ирсэн. Гэхдээ би хуулийн хугацаанд нь буцаасан. Хуулиар бол бид ААН-үүдээс 30 сая төгрөг хүртэл хандив авах эрхтэй. Миний хувьд том компаниудаас санхүүгийн хандив авахыг хүсээгүй нөлөөнд автахыг хүсээгүй гэсэн үг. Энэ бол хувь хүний сонголт, миний баримталж байгаа зарчим л гэсэн үг.
– Тэгэхээр УИХ-ын 126 гишүүдийн нэлээн олон хувь нь MCS компаниас хандив аваад гишүүн болчихсон байхад Засгийн газрын санаачлаад байгаа стратегийн ордуудын 34 хувийг авах тэр дундаа MCS компанийн хамаарал бүхий “Ухаа худаг”-ийн 34 хувийг төрд авч чадах уу?
-
MSC эсвэл өөр ямар нэгэн компаниас хуулийн дагуу хандив авлаа гээд УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлнө гэж бодохгүй байна. Энэ хандивын мэдээлэл олон нийтэд нээлттэй байгаа. Энэ нь эргээд УИХ-ын гишүүдийг хянах шаардлага тавих боломжтой болгож байгаа юм. Хандив аваад тэр компанийн эрх ашигт үйлчилнэ гэдэг бол байх ёсгүй асуудал.
– Стратегийн ач холбогдолтой орд гэдэгт ямар ордыг хамааруулдаг юм бэ?
– Монголд байгаа ашигт малтмалыг гурав хувааж үздэг.
- Стратегийн ач холбогдол бүхий орд
- Ердийн орд
- Түгээмэл тархацтай орд гэж ангилна.
Стратегийн ач холбогдол бүхий орд гэдэгт үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, нийгэмд нөлөөлтэй байж болохуйц томоохон ордыг хэлнэ гэсэн”бүрхэг” заалт байдаг. 2007 онд УИХ-аар стратегийн ач холбогдолтой орд гээд 17 ордыг нэрлээд баталчихсан байдаг. Одоогийн УИХ-д стратегийн ордуудыг нэмэх хасах эрх байгаа. Стратегийн орд гээд заачихсан л юм юм чинь үүнийхээ 34-50 хувийг тодорхойлоод хэлцлийг хийгээд Үндэсний баялгийн сангийн хуульд заасны дагуу хэрэгжилтийг нь л хангачих гэж байгаа юм.
– УИХ-ын гишүүний цалин хэдэн төгрөг байдаг вэ?
– Гар дээр ирэх цалин таван сая орчим төгрөг байдаг.
– Гэхдээ үйл ажиллагааны зардалд ашигла гэж сардаа 20 сая төгрөг өгдөг?
– Тэрийг цалин гэж ойлгож болохгүй. Тэрийг тойрог руугаа хийж буй үйл ажиллагаандаа зарцуулдаг.
– Энэ парламентад УИХ-ын гишүүдийн дунд “Янзага бүлэглэл гэж байдаг гэсэн. Энэ ямар үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл юм бэ?
– Бүлэглэл ч юу байх вэ. Энэ удаагийн парламент олон залуу, шинэ гишүүдтэй шүү дээ. Энэ залуу гишүүд л нэгдэж санал бодлоо солилцдог зохион байгуулалт юм. “Янзага” гэдэг нь ёжилж өгсөн нэр байх.
– Асуултад минь ажил хэрэгчээр хариулсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
– Ярилцсанд баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.
Хэн үнэгүй юм өгөөдөх гээд бгам? . Хүн ажил хийж түүнийхээ үр шимээр кайфтай амьдрах ёстой.
Халамж амласан ийм коммунистуудаас салж байж улс үндэстэн сэргэнэ.