
Канадын Төв банкны тэргүүн асан Марк Карни Либерал намын тэргүүнийг сонгох санал хураалтанд ялалт байгуулж, Канадын дараагийн Ерөнхий сайдаар томилогдохоор болжээ.
Санал хураалтын дүнгээр 59 настай Марк Карни нь 85 гаруй хувийн санал авсан бол Канадын Сангийн сайд асан Христя Фриланд 8 хувийн саналыг авчээ.
Марк Карнигийн хувьд Канадын түүхэнд парламентад суудалгүйгээр Ерөнхий сайд болсон хоёр дахь хүн, Баруун Канадын мужуудаас Либерал намын тэргүүн болсон анхны хүн болж байгаа аж. Канадын одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрсөн 1-р сарын эхээр Либерал намын тэргүүнийхээ суудлаас бууж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэрээр Либерал намын шинэ тэргүүн сонгогдсоны дараа Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоо амласан юм.
Либерал намын тэргүүнээр сонгогдсон Марк Карнигийн хувьд ирэх 10-р сард болох парламентын сонгуульд намаа удирдан оролцох мөн АНУ-ын зарласан худалдааны дайны эсрэг зохих арга хэмжээ авах, Америкийн талтай гэрээ хэлэлцээ хийх зэрэг амаргүй даваанууд хүлээж байна.