
Монгол Улс 2024 онд 800 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олж, түүхэн дээд амжилт үзүүлсэн. Цаашид энэ амжилтыг ахиулж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрэхийн тулд аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчин, дэд бүтэц, үйлчилгээний стандартыг сайжруулж, GO MONGOLIA брэндийг улам эрчимжүүлэх нь чухал байгаа юм.
Үүнтэй холбоотой аялал жуулчлалын улирлыг угтан жуулчдыг нисэх буудлаар ая тухтай, түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалт уулзалтыг ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн санаачлагаар зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь Монгол Улсад гадаадаас ирж буй дийлэнх жуулчид Чингис хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж байгаа тул жуулчдын анхны сэтгэгдлийг өндөр байлгах, хялбар, хүндрэл багатай үйлчилгээг бүрдүүлэх нь аялал жуулчлалын салбарын нэн чухал асуудал болсоор байна.
Монголд аялсан 7 мянга гаруй гадаадын жуулчдаас авсан судалгаанаас үзэхэд ирж буй гадаадын жуулчдын хилээр нэвтрэх, ачаа хүлээж авах хугацаа удаан, такси, нийтийн тээврийн үйлчилгээ ойлгомжгүй, хүртээмж муу, явах зорчигчдын бүртгэл, аюулгүй шалгалтын хугацаа хэт удаан, нэн шаардлагагүй олон үйлдэл хийлгэдэг, татварын буцаан олголтын систем бүрэн ажилладаггүй зэрэг олон асуудлууд тулгамддаг зэрэг үр дүн гарсан байна. Иймд нисэх буудалтай холбоотой гарсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ССАЖЗЯ, ЗТЯ, ИНЕГ, ХХЕГ, ТЕГ, ГЕГ, НАЖГ, АЖМХ, НУБИЭ ХХК, МИАТ ХК, Хүннү эйр ХХК, Аэромонголиа ХХК, Эзинис ХХК, VIP taxi ХХК зэрэг байгууллагын төлөөллүүд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үр дүнд олон улсын стандарт, жуулчдын эрэлтэд нийцсэн нисэх буудлын үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж, 2025 оны жуулчны оргил улирал эхлэхэд асуудлуудаа эхний шатанд шийдвэрлэсэн байхаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахад аялал жуулчлал, агаарын тээвэр болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар тогтлоо.