
Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг Арцат-Өнөр” хороолол чиглэлийн барилга угсралтын ажлын эхэлж буйтай холбоотойгоор БНФУ-ын “Пома групп”-ийн суурин төлөөлөгч, “Улаанбаатар – Дүүжин Замын Тээврийн төслийн дэд менежер Лео Фридрихтэй ярилцлаа.
– Та энэ төсөл дээр ажиллаад удаж байна уу?
Манай компани Улаанбаатар хотын ЗДТГ-тай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш төслийн дэд менежерийн албыг хашиж байна.
– Пoмa группийг энэ салбартаа мэргэшсэн, олон жилийн туршлагатай гэж сонссон?
Тийм ээ, манай компани дүүжин замын тээврийг зохион бүтээх, үйлдвэрлэх, суурилуулах, ашиглалтад оруулах үйл ажиллагаа, засвар үйлчилгээг нь хариуцах, техник технологийн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр 80 гаруй жил ажилласан туршлагатай. Аюулгүй ажиллагаа, чанарын хяналт бол дүүжин замын тээврийн салшгүй нэг хэсэг. Тиймээс Пома групп төслийн бүх шатанд ханган нийлүүлэх сүлжээгээ бүрэн хянаж ажилладаг. Бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжийн эдэлгээ, ашиглалт нь 50 хүртэлх жил байхаар тооцоолж, барилга байгууламж, дэд бүтцээ стандартын дагуу гүйцэтгэхийг зорьж байна. Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд орших хамтрагчдынхаа өмнө хүлээсэн манай компанийн үүрэг хариуцлага юм.
Пома групп нь АНУ, Швейцарь, БНХАУ, БНСУ, Вьетнам, ОХУ, Колумб, Египет зэрэг дэлхийн 10 гаруй оронд салбартай. Хэрэглэгчидтэйгээ аль болох ойртож, нэгдсэн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. БНФУ-ын Вореппе хотод байрлах төв оффисоос бүх үйл ажиллагааг ерөнхийд нь хянаж ажилладаг. Механик дэд системүүдийн үйлдвэрлэл угсралтыг SACMI, цахилгаан болон үйлдвэрлэлийн автоматжуулалтын тоног төхөөрөмжийг SEMER, бүхээг (кабин) зохион бүтээж, үйлдвэрлэх ажлыг SIGMA, тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээг COMAG хариуцдаг. Эдгээр түнш байгууллагууд өөрсдийн хариуцсан ажлаа группийн нэгдсэн удирдлага дор стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, нэг нэгнээ дэмжиж, хамтран ажилладаг чадварлаг инженерүүд, мэргэшсэн ажилтнууд, найдвартай баг хамт олны ачаар бид хамтрагч байгууллагуудынхаа итгэлийг дааж, ажлаа амжилттай гүйцэтгэсээр байна. Техник технологио хөгжүүлж, ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулахад байнга анхаарч ажилладаг.
– Та Монголоос өөр оронд дүүжин замын тээвэр хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байв уу?
Пома группийн Гүрж, Кавказ, Төв Ази болон Ойрхи Дорнодын улс орнуудад хэрэгжүүлсэн хэд хэдэн төсөлд ажиллах боломж тохиож байсан. Шинэ орчин нөхцөл, хүмүүстэй танилцаж, мэдлэг туршлага хуримтлуулах боломж олгодог болохоор би олон улсын төсөлд ажиллах илүү дуртай, баяртай байдаг. Помагийн төсөл миний хүслийг биелүүлдэг гэж хэлж болох юм.
– Нийтийн тээврийг төрөлжүүлснээр ямар давуу талтай вэ?
Нийтийн тээврийг төрөлжүүлснээр хотын төвөөс алслагдсан гэр хорооллуудын үнэ цэн өснө. Хүмүүс түгжрэлд алддаг цагаа өөртөө, гэр бүлдээ зарцуулна. Газар, хашаа, байшин барилга гээд өмч хөрөнгөнийнх нь үнэ нэмэгдэнэ. Гол давуу тал нь хүмүүсийн амьдралын чанар сайжирна.
– Дүүжин замын тээвэр Монголд таны хэлсэн давуу талуудыг авчирч чадах болов уу?
Дүүжин замын тээвэр бол Монголд маш хэрэгтэй, чухал төсөл. Өнөр хорооллоос Яармаг руу хэдхэн минутын дотор ирнэ. Цаг хугацаагаа хэмнэнэ. Түгжрэхгүй, шахцалдахгүй, тав тухтай нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Хотын иргэн бүр автомашины хамаарлаас ангижрахад энэ төсөл бодитоор нөлөөлнө. Дүүжин замын тээвэр нь түгжрэлээс салах, цаг хугацаа хэмнэх, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад эергээр нөлөөлдгийг дэлхийн олон оронд баталчихсан зүйл. Тиймээс Улаанбаатар хотын иргэдэд ч адилхан таалагдана, ашиг тустай байна гэдэгт итгэж байна.
– Монголд ажиллахад ямар хүндрэл байна вэ?
Бэрхшээл байгаа ч аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд эерэг хандлага чухал л даа. Хамгийн эхэнд тулгарсан бэрхшээл бол төсөлд оролцогч талуудыг холбож, нэгдсэн ойлголтод хүрэх байсан. Монголын соёлд дасан зохицох, хэлийг нь бага сага сурах хэрэгтэй болсон. Хэцүү ч сонирхолтой. (инээв) Өвлийн улиралд агаарын бохирдол их, байнгын түгжрэл гэх мэт олон сорилт тулгарсан. Гэхдээ эерэг, найрсаг, хичээнгүй, сайхан сэтгэлтэй хүмүүстэй танилцаж, өдөр бүр шинэ зүйл сурах боломж олдсон нь дээрх бүх асуудлыг даван туулах урам зориг өгч байлаа. Ажлынхаа баг, хамт олонтой санал бодлоо хуваалцаж, асуудлыг олон талаас нь харж, үнэлж цэгнэн, Монголын сайхан байгалиар аялж, гайхалтай мэдрэмж, туршлага хуримтлуулсандаа баяртай байна.
– Улаанбаатарт хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төсөл бусад орныхоос ялгаатай юу?
Монголын анхны нийтийн тээврийн дүүжин замын төсөл гэдгээрээ онцлогтой. “Мөс хагалж буй” учраас миний хувьд, манай багийн хувьд ч сонирхолтой байна. Ажлын төлөвлөгөө гаргахын тулд захиргааны зөвшөөрлөө хэрхэн авахаас эхлээд төслийн үе шат, үйл явц бүрийг олон байгууллагад ойлгуулах шаардлагатай, маш олон хүнтэй хамтран ажиллах хэрэгтэй болсон. Дүүжин замын тээвэр өмнө нь Монголд байгаагүй учраас энэ бүх үйл явц анхдагч болж үлдэнэ.
– Төслийн барилга угсралтын ажил эхэлж байна. Бэлтгэл хангагдсан уу?
Төслийн хамтарсан баг Яармаг, Арцат талын талбайг барилга угсралтад бэлтгэж, тоног төхөөрөмжүүдээ байршуулсан. Бид Францаас хоёр чингэлэг ачаа хүлээн авсан.
Удахгүй 40 гаруй контейнер ачаа нэмж ирнэ. Сууринд хэрэглэх төмөр арматуруудаа бэлтгэж эхэлсэн. Түүнчлэн барилга угсралтын үеэр ХАБЭА (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй) болон Байгаль орчны асуудал чухлаар тавигддаг. Бид олон улсын бүх дүрэм журмыг мөрдөж ажилладаг. Аюулгүй ажиллагааны стандартууд дээр Нийслэлийн Онцгой Байдлын Газартай хамтран ажиллахаар эхний уулзалтуудаа зохион байгуулаад байна.
– Төслийн хүрээнд Пома группийн хүлээж буй үүргийг товчхон дурдвал…?
Пома групп нь Улаанбаатар хотод дүүжин замын системийг төлөвлөх, үйлдвэрлэх, барих, угсрах болон ашиглалтад оруулах үүрэг хүлээж байна. Төслийн бүтээн байгуулалт дууссаны дараа дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах байгууллагыг загварчилж, дэмжиж ажиллана.
Шугам I: Яармаг Арцат – Өнөр хороолол
Трассын урт: 4.2 км
Буудал : 2
Тээвэрлэх хурд: 22 км/цаг
Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
Хүчин чадал: 2320 зорчигч,
Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг