
АНУ Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа түр зогсоож, Украинд тагнуулын мэдээ өгөхөө больсонтой холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ОХУ-ын Украинд үзүүлэх цохилтууд эрчимжсэн байна.
Өнгөрсөн баасан болон бямба гарагт ОХУ-ын агаарын цохилтуудын улмаас Украинд багадаа 25 хүн амь үрэгджээ
Донецк мужийн Добропиллия хотод Оросын агаарын нисэх хүчний хаясан хоёр пуужин орон сууцны 8 барилга, 1 худалдааны төвийг онож, багадаа 11 хүн амь үрэгдэж, 40 хүн шархджээ.
Хэргийн газарт түргэн тусламж, онцгой байдлынхан ирсэний дараа ОХУ-ын арми дахин цохилт үзүүлж, түргэн тусламжийн ажилчид,онцгой байдлын албан хаагчдыг санаатайгаар хөнөөхийг оролдсон хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский онцолжээ.
Өнгөрсөн бямба гарагт Оросын дроны халдлагын улмаас Харьков мужид 3 хүн амь үрэгдэж, 7 хүн шархдсан бол, баасан гарагт оросууд Одесса хотын иргэний болон эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлсэн байна. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинтай харилцах нь ОХУ-тай харилцахаас илүү хүнд байгаа тухай онцолсон билээ.
Тэрээр Киев, Москва хоёр галаа зогсоох зөвшилцөлд хүрэх хүртэл Вашингтон ОХУ-д өргөн хүрээний хориг тавихаа мэдэгдсэн юм. Д. Трампын засаг захиргааны ОХУ-Украины дайны асуудлаар сүүлд гаргасан шийдвэрүүд нь аюулгүй байдлын тал дээр АНУ-аас Европт дэмжлэг үзүүлэхгүй гэдэг мессежийг өгөөд байгаа ба үүнтэй холбоотойгоор өнгөрсөн пүрэв гарагт Европын холбооны эрх баригчид Брюссель хотноо уулзаж, батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлэхээр тохирсон байна.
Ирэх 7 хоногт АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Саудын Арабын Нэгдсэн хаант улсад Украины төлөөлөгчидтэй уулзаж, галаа зогсоох тухай асуудлыг хэлэлцэх аж.
ОХУ нь 2022 оны 2-р сард Украин руу довтолсон ба түүнээс хойш Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтандаа аваад байгаа юм.
Эx Сурвалж: CNN.COM