
Өнгөрсөн лхагва гарагт Тайландын захиргааны Дээд шүүх Тайландын Боловсролын яамнаас дунд сургуулийн эрэгтэй сурагчид богино халимаг, эмэгтэй сурагчид чих даваагүй урттай үсний засалттай байх ёстой гэсэн 50 жилийн өмнө гаргасан тогтоолыг хүчингүй болгожээ.
Тайландын ихэнх сургуулиуд дээрх журмыг дагахаа больсон ч зарим сургуулиуд 1975 онд тухайн үеийн Тайландын эрх баригчдын гаргасан тогтоолыг дагаж, уг журмыг зөрчсөн сурагчдын үсийг тайрдаг байсан аж.
Шүүх 1975 оны уг журам нь Тайландын үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаагаас гадна өнөөдрийн нийгмийн чиг хандлагаас хоцрогдсон гэж үзжээ.
2020 онд Тайландын ерөнхий боловсролын 23 сургуулийн зүгээс 1975 онд Боловсролын яамнаас гаргасан тогтоол нь үндсэн хуулинд нийцэхгүй хэмээн гомдол гаргасны дараа Тайландын Боловсролын яам сурагчдад үсээ ургуулахыг зөвшөөрсөн ч хөвгүүдийн үс шилэн хүзүүг нь давах ёсгүй, урт үстэй охид үсээ шууж боох ёстой гэсэн шинэ журам гаргажээ.
2023 онд уг журмыг цуцалж, тухайн үед Боловсролын сайд байсан Тринух Тхиентхог сурагчдын үсний засалттай холбоотой журмыг сургуулийн удирдлагууд , эцэг эх, сурагчдын хамт зөвшилцөн, шийдэх ёстой хэмээн шийдвэрлэсэн аж.
Гэсэн хэдий ч зарим сургуулиуд 1975 оны тогтоолыг дагасаар байсан ба үсээ ургуулсан, будуулсан сурагчдын үсийг багш нар ангийнхных нь өмнө тайрч, шийтгэх явдал ч мэр сэр гардаг байжээ.
Эx Сурвалж: BBC.COM