
“Лос Анжелес-2028” Олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар бүгд шинэчлэгдсэн. Тэд 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах эхний том тэмцээний бэлтгэлдээ өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээс гарсан билээ. Тэр дундаа чөлөөт бөхийн түүхэндээ анх удаа эмэгтэй баг дээр эмэгтэй дасгалжуулагчийг ажиллуулах болсон нь бөх сонирхогчид төдийгүй олон нийтийн талархлыг хүлээж буй. Бид бэлтгэлийн үеэр зорин очиж эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар болон туслах дасгалжуулагч Б.Одончимэг нартай цөөн хором ярилцлаа.

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Одончимэг: Чухал хариуцлагатай албанд томилогдсон урчаас бүх хүчээ дайчлан ажиллана
-Сайн байна уу? Юуны өмнө эмэгтэй шигшээ баг дээр “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын циклд ажиллах болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Чөлөөт бөхийн шигшээ баг дээр анх удаа эмэгтэй дасгалжуулагч болж буйдаа маш их баяртай байна. Миний хувьд нэлээдгүй хугацаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн бүх багийн охидуудтай нэлээд ажилласан. Тэгээд бас хөөрхөн туршлага хуримтлуулаад орж ирж байгаа гэж бодож байна.
Гэхдээ энэ ажил бол арай өөр. Би бол тухайн үед клуб төлөөлдөг байсан бол одоо Монгол улсыг төлөөлж, дасгалжуулагч хийж байгаа учраас надад хариуцлагатай бөгөөд ийм чухал албан тушаал ирсэн. Тэгэхээр үүнд нэлээн хариуцлагатай, нухацтай хандаж ажиллая гэж бодож байгаа.
-Тамирчны замналаас дасгалжуулагчийн карьерт шилжин ажиллаж байсан. Мэдээж энэ маш том түлхэц болж өгөх байх?
-Миний хувьд 2016, 17 онд тамирчны карьер дуусаад л ерөнхийдөө бие давхар болсон байлаа. Тэр хугацаанд сүүлийн нэг сар хүртэл сандал дээр суугаад хүүхдүүдээ бэлтгэсээр байгаад л дасгалжуулагчийн гараагаа эхэлж байсан. Би дасгалжуулагч хийгээд бас азтай. “Алдар” спорт хороонд энэ том айлын клубээс дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн. Би шууд хувиараа биеэ даагаад ч юмуу, үүнийг хийчихээгүй. Тэгээд намайг тамирчин байхад гол нь Ц.Цогтбаяр багш маань аваад дасгалжуулж байсан. Ингэхдээ дасгалжуулагч хийх анхны гараа надад бүр л анхан шатны хүүхдүүдээс, насанд хүрэгчид хэрхэн яаж ажиллах бүх туршлага, маш олон жилийн нөр их туршлагатай МУГД Ц.Хосбаяр багшийнхаа удирдлаган дор хийгээд, сүүлийн хэдэн жил багшаасаа маш их зүйлийг суралцсан.
Сурсан зүйлээ насанд хүрэгчид рүүгээ илүү түлхүү оруулж, хүмүүсийн гол гаргадаг хүүхдийн алдаа дээр ажиллана. Ер нь бол анхан шатанд гол гаргадаг алдаанууд, насанд хүрэгчдийн үндсэн тэр байрлалууд шигшээ баг дээр байж байгаа хүүхэд рүү орохоор тэрийг маш их олж хардаг юм билээ.
-Тэгэхээр тамирчдын алдаан дээр нэлээд сайн ажиллана гэж төлөвлөж буй байхнээ?
-Дасгалжуулагчаар ажиллаж байхдаа хүүхэд гэлтгүй тэндээс их туршлага хуримтлуулсан гэж өөрийгөө бодож байгаа.
Харин эмэгтэй шигшээ баг дээр гол үндсэн байрлал болон алдаанууд дээр ажиллана гээд олон зүйл төлөвлөөд бодчихсон байгаа. Тэрийгээ л хэрэгжүүлнэ гэж бодож байна даа.


-Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн багшаасаа дасгалжуулалт дээр олон нарийн нандин, торгон мэдрэмжүүдийг сайн суралцсан байх?
-Манай багшийн онцлог болохоор бүх насанд ажилласан хүн. Өсвөрөөс эхлээд насанд хүрэгчид, залуучуудыг бүх насны ангилалд багаа түрүүлүүлж байлаа.
Тэр том баг дээр залгамжилж очоод одоо хүртэл багштайгаа шигшээ баг дээр янз бүрийн төлөвлөгөө ажлуудаа ярилцдаг. Өнөө маргаашдаа хүртэл багшаасаа мэдэхгүй, чадахгүй зүйлээ асуугаад л явж байна. Тэгээд ер нь бол хоёр багшид бас их өртэй ч юм шиг./инээв/
Төдийгөөс өдий хүртэл хүүхдээс минь авхуулаад л, би хэдийгээр 40 гарчихсан шигшээгийн дасгалжуулагч ч гэсэн мэдэхгүй зүйл гарвал багшаа нараасаа асуугаад суралцаад явдаг. Надад бас ийм туслах хүмүүс байгаад би их баяртай яваа.


Чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид энэ сарын сүүлээр Ази тивийн АШТ-д өрсөлдөнө
-Шигшээ багийн хамгийн анхны тэмцээн хэзээ товтой байгаа вэ?
-Хамгийн анхны тэмцээн энэ онд 2025 оны Ази тивийн АШТ Йордан улсад болно. Энэ тэмцээн гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхэлнэ. 25, 26-нд сонгомол бөхийн төрлөөр, 27, 28-нд эмэгтэй баг гарна даа. Ер нь бол одоо эхний тэмцээндээ тамирчидтайгаа сайн танилцана. Өөр өнцгөөс, ер нь юун дээр ажиллах вэ гэдгээ тэндээс олж төлөвлөнө гэж бодоод багш нартайгаа ч зөвлөөд ярилцаж байгаа.
-Чөлөөт бөхийн холбооноос жендерийн асуудал дээр онцгой анхааран, хүйсийн эрх тэгш байдлыг хангаж дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтан дээрээ гол зорилго болгожээ?
-Манай чөлөөтийн холбооноос жендерийн асуудал дээр онцгой анхаарсан юм шиг байналээ. Мөн холбооны ерөнхийлөгч эмэгтэй тамирчдаа анхаарсан. Манай Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгээс авхуулаад эмэгтэй багштай болоё гэж санал гаргаж хэлсэн юм билээ. Түүний үндсэн дээр эмэгтэй дасгалжуулагч авсан гэж би ойлгосон.
Миний хуримтлуулсан гол зүйл бол би биеэрээ тамирчны амьдралыг туулаад үзсэн болохоор ямар үед эмэгтэй хүнд ямар байдаг гэдэг талаас нь илүү ойлгох болов уу гэж бодож байгаа. Гол онцлог нь тэр л гэж бодож байна. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний сэтгэл зүрх, биеийн онцлог хаана байдгийг биеэрээ туулж үзээгүй учраас арай нэг гүн ойлгохгүй болов уу гэж бодож байна. Эмэгтэй дасгалжуулагчийн хувиар эмэгтэйчүүдтэй ажиллах нь илүү давуу талтай гэж бодож байгаа.
-Өөрийн тань хувьд чөлөөт бөхийн спортоороо бараг 20-оод жил хичээллэсэн байхаа?
-Би шигшээ багт яг цалинтайгаар 2006-2016 он хүртэл харьяалагдаж, тамирчнаар бэлтгэл сургуулилт хийж, Ази тив, Олон улс, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж явлаа. Яг 10 жил цалинтай энэ албан дээр байгаад 2016 оны олимп дуусгаад больсон. Яг шигшээ багт 10 жил, бөхийн барилдаанаар 20-оод жил хичээллэж явсан даа.


Чөлөөт бөхийн эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар: Тамирчдын үндсэн багш нартай хамтарч ажиллахаар төлөвлөсөн учраас бэлтгэл дээр тэд ирж байгаа


-Дасгалжуулагчийн баг бүрэн шинэчлэгдлээ. Та бүхэн ямар бодлого, чиглэл баримтлан ажиллах вэ?
Манай эмэгтэй тамирчдын гол өрсөлдөгч нар Ази тивд бий
-Дасгалжуулагчийн баг маань ер нь үндсээрээ бараг шинэчлэгдлээ. Мэдээж тамирчид маань ихэнх нь хуучин байсан тамирчид бий. Бидний гол баримталж буй зүйл маань үндсэн багш нартай нь хамтарч ажиллах сонирхолтой байна.
Тэгээд багш нарыг аль болох бэлтгэл дээр авчраад, шавь нарыгаа яаж ажиллаж байсан, юун дээр анхаарч байсан, тэр тусмаа Азийн аваргын бэлтгэлийн ихэнх цаг хугацаа бол үндсэн багш нар дээрээ хийсэн. Ийм учраас бид нар үндсэн бэлтгэлээ хотод хийгээд мөн багш нартай нь хамтраад хийе гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа.
-Олимпын циклийн эхний тэмцээн тивийн аварга. Хаана хэдэн сард болох товтой байгаа вэ?
Ази тивийн аварга бол манайдаа жилийн хамгийн том хоёр дахь тэмцээн. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувьд бол Ази тивд гол өрсөлдөгч нар маань байдаг. Энэ хэрээр өрсөлдөөн ширүүн болно.
Энэ жил улсын аварга болсон 10 тамирчин маань бүгдээрээ тивийн аваргадаа явахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Тамирчдынхаа сэтгэлзүй дээр дасгалжуулалтын баг хэрхэн ажиллах вэ?
-Дөрвөн жилийн ихэнх хугацааг үнэндээ яг тамирчидтайгаа хамтдаа өнгөрүүлдэг. Гэхдээ бид нар холбоотойгоо ярьж байгаад энэ дээр дэмжих баг буюу хоол зүй, сэтгэлзүйч нарын багтай аль болох урт хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Тэр хүрээндээ өнгөрсөн олимпын циклд ажилласан сэтгэлзүйч нартайгаа бид гурав ер нь уулзая, ярилцая. Мэргэжлийн хүний үүднээс бид нар яг юун дээр анхаарах ёстой. Мэргэжлийн хүмүүстэй энэ талаар зөвлөе гэсэн бодолтой байна.


-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу. Зарим бөх сонирхогчид мэдээлэл авах сонирхол бий байх?
-Би 1992 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн. Чөлөөт бөхийн шигшээ багт 10 орчим жил хамт бэлтгэл сургуулилтанд хамрагдсан.
2010 онд хамгийн сүүлд улсын аваргаас мөнгөн медаль аваад больсон хэдий ч өнгөрсөн хугацаанд чөлөөт бөхтэйгээ ойрхон, бэлтгэл сургуулилтанд хамрагдаад, онцгойлон гадагшаа тэмцээн уралдаанд шигшээ багийнхаа оролцох, хамтарсан бэлтгэлд зуучлах иймэрхүү зүйл дээр нэлээд түлхүү ажиллаж ирсэн.
-Спорт бол цаг үетэйгээ шинэлэгээр хувьсан өөрчлөгдөж байдаг. Тиймээс спортын төрлүүд Олон улстай хөл нийлүүлэн алхахад холбоодын зүгээс онцгой анхаарах шаардлагатай байдаг. Энэ талаар?
-Тийм. Манай холбоо энэ чиглэлийг баримтлан, уялдаа холбоотой ажиллана гэдгийг ойлгуулсан. Иймээс ч бид цаашдаа ерөнхийдөө сургалт, судалгаа гэж ярьдаг. Онцгойлон тэр зүйлдээ бас нэлээн тулж, анхаарч ажиллана гэж бодож байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Odonchimeg argagui argagui Tsogtbayriin huuhdiig gargasan ym chin ter hunees ih ym sursan baigaa. Tsogtbayr odoo Tsevegmid gej shavitaigaa yawalddag gedgiig bohiin bagsh nar ni yaridag ym blee. Za ene ch yahav ajlaa sain hiigeerei.