
Бельгийн Брюссель хотод өнгөрсөн пүрэв гарагт болсон Европын холбооны батлан хамгаалахын чуулга уулзалтаар Европын орнуудын удирдагчид улс орнуудынхаа батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэхийг дэмжиж, Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.
Европын холбооны удирдагчид Украинд дайн эхлүүлсэн ОХУ Европын холбооны улс орнууд руу довтолж болзошгүй мөн Европын холбоо аюулгүй байдлын тал дээр АНУ-д найдалтгүй болсон гэдэг дээр санал нийлжээ.
Польшийн Ерөнхий сайд Доналд Таск, “Энэ зэр зэвсгийн уралдаанд Европ түрүүлэх ёстой. Нэгдмэл Европ нь ОХУ-ын эсрэг цэрэг зэвсэг, эдийн засгийн гээд ямар ч дайнд ялалт байгуулах бүрэн боломжтой.
Бид илүү хүчтэй.” хэмээн мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Э. Макрон, “Украинд юу ч тохиолдсон батлан хамгаалахын тал дээр Европ бие даасан хүчин чадалтай болох хэрэгтэй.” хэмээн онцолжээ.
Европын холбооны 26 орны удирдагчид Украинд энхийг тогтоох асуудал Украины оролцоогүйгээр хэлэлцэгдэх ёсгүй гэдэг дээр санал нийлж, Киевт үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
НАТО-гийн судалгаагаар өнгөрсөн онд Украинд үзүүлсэн зэр зэвсгийн тусламжийн 40 гаруй хувийг Вашингтон дангаараа эзэлсэн ба Вашингтон цаашид Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлэх эсэх нь тодорхойгүй байгаатай холбоотойгоор Европын холбоонд АНУ-ын хувийг нөхөх амаргүй байх болно гэдгийг ажиглагчид онцолж байна.
Европын холбооны удирдагчид Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн эхний ээлжинд ОХУ болон Украины тал хэсэгчлэн галаа зогсоох уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Францын Ерөнхийлөгч Э. Макрон Францын цөмийн зэвсгээрээ Европын түнш орнуудаа хамгаалахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдэгдсэнээр АНУ болон Украины төрийн дээд албан тушаалтнууд ирэх долоо хоногт Саудын Арабад уулзахаар тохиролцжээ. Ерөнхийлөгч В. Зеленский ирэх долоо хоногт Саудын Арабад айлчлах ч АНУ болон Украины төлөөлөгчдийн уулзалтанд оролцохгүй аж.
Эx Сурвалж: Theguardian.com