
Ц.Ган-Эрдэнэ Монголдоо алтанзул цэцэг тарьж байна. Тодруулбал, Нидерланд сортын алтанзул цэцэг 10,000 ширхгийг туршилтаар тарьжээ. Зургаан өнгийн алтанзул тарьснаас одоогоор улаан өнгийнх нь дэлгэрч, ургажээ. Эхний ээлжид ургаж гүйцсэн 4000 ширхгийг Мартын 8-нд хүргэлтээр борлуулахаар захиалга аваад эхэлсэн байна.
Тэрбээр “Ийшээ өдөрт бараг 10 удаа орж ирдэг. Температурыг нь шалгана, усална. Заримдаа шөнөөр ч ирж харна.
Газрыг ухах биш газрын хөрсөн дээр юм ургуулж бас л нэг баялаг бүтээж байна гэж ойлгож байгаа. Алтанзулыг маань хүмүүс хайртай, дотын хүндээ бэлэглэхээр авч байна. Ингээд бодохоор бид хүмүүст аз жаргалыг түгээж байна. Борлуулах цэг гаргаж чадаагүй байгаа ч бидэнд маш их захиалга ирж байна.Хүргэлтээр борлуулагдаад дуусах бололтой. Одоогийн байдлаар 1500 ширхэг нь захиалагдсан байна. Нэг ширхгийг нь 10 мянган төгрөгөөр борлуулж буй. Захиалга өгөх хүмүүс 99104516 дугаар руу холбогдоорой” гэлээ.
Түүний хувьд “Марал” гээд арьсан эдлэлээр цүнх, түрүүвч хийдэг брэндтэй юм байна. Мөн цаашид ганцхан цэцэг тарих биш мод үржүүлэх зорилготой ажиллаж байгаагаа нуусангүй.
Тэрбээр “Ажил хийвэл ам тостоно гэж үг байдаг даа. 50 хүртлээ сайхан хөдөлмөрлөчихвөл түүнээс цааш хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх байх гэсэн бодол тээж явдаг. Өөрийнхөө хоббиг ажил болгоод, тууштай байгаарай гэж залууст хэлмээр байна” гэв.