
“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд усны шилдэг шийдлүүдийг тодруулах “Гүнээсээ хайрлая” арга хэмжээг 2025 оны 3 сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
З.Батбаяр Усны газрын дарга
Гүнээсээ хайрлая гэдэг нь зөвхөн газрын гүнийг усыг хайрлая гэсэн утгатай биш. Борооны ус, голын ус, гүний усыг ч хайрлах хэрэгтэй. Зөвхөн газар доорх усыг хайрлая биш харин үнэн сэтгэлээсээ, сэтгэлийн гүнээсээ хайрлая гэсэн утгаар ийн нэрлэсэн юм. Хүн гэдэг бодьгал энэ ертөнц дээр үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдэх асуудал устай холбоотойгоор бий болчхоод байна. Өнөөдөр бид хоногт 130-250 литр усыг хэрэглэж байна.
С.Отгонбаатар Оюу толгой ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн
Гүнээсээ хайрлая аяныг Оюу толгой ХХК дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тухайд аяны хүрээнд усны шилдэг шийдлүүдийг тодруулах юм. Энэ газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, газар доорх усыг эрж нээж олдог Гидрогеологич мэргэжлийг нийгэмд сурталчлах,усаа хайрлан хамгаалах, ариглан хэмнэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлүүдээр бодитой арга хэмжээ авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй иргэд, судлаачид, аж ахуй нэгж байгууллагуудыг тодруулан, олон нийтэд таниулж, усыг ариг гамтай хэрэглэхэд уриалах зорилготой.
Уг шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн материалыг 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 14-ний өдрийг дуустал доорх гурван төрлөөр хүлээн авна.
Шагналын төрөл:
- Шилдэг байгууллага
Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн байгууллага.
- Шилдэг иргэн
Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон иргэн
- Шилдэг судлаач, судалгааны баг
Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан судлаач, судалгааны баг;
Шалгаруулалтад хэрхэн оролцох вэ?
Шалгаруулалтын журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая цахим хуудаснаас авч бүртгэлийн хуудсыг бөглөн, шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах мэдээлэл, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана.
Хугацаа:
- 2025/02/27 – 2025/03/14 – Материал хүлээн авах– /23:59 цаг хүртэл/
- 2025/03/21 – Шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
Шагналын сан:
- Шилдэг байгууллага – цом, батламж, 10 сая төгрөг
- Шилдэг иргэн – цом, батламж, 5 сая төгрөг
- Шилдэг судлаач – цом, батламж, 5 сая төгрөг
Гүнээсээ хайрлая аяны тухай: Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах “Гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран дөрөв дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд, “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.