
Сар шинийн босгон дээр эрдэнэт хүний амь насыг аварч, элэг бүтэн амьдралыг гэр бүл, үр хүүхдүүдэд нь үлдээж чадсан энэ бүсгүйг Чимэдцэрэнгийн Пагмадулам гэдэг. Завхан аймгийн Улиастай суманд төрж өссөн. Одоо Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр салбарт алба хаадаг, холбоочин бүсгүй. Ийнхүү Дорноговь аймагт ажиллаж, амьдраад таван жилийн нүүрийг үзэж буй гэнэ.
Тэрбээр хүний амь аварсан тухайгаа ийнхүү дурсан өгүүлрүүн. “2025.2.28-ны үүрээр Дорноговь руу явж байлаа. Өглөө нь гараатай байсан юм л даа. Төв аймгийн Баян сум өнгөрөөд явж байтал нэг машин аваараа татчихсан, хажууханд нь гараа өргөсөн эмэгтэй зогсож байлаа. Түр зогстол “Манай ээж уначихлаа, та надад туслаач” гэсэн. Үнэртэй ус, спирт үнэртүүлж, хиймэл амьсгаа хийв. Би чинь эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд. Тэд маань 2021, 2022 онд өөд болсон юм. Тиймдээ ч энэ талын мэдлэг багаас бага, сага “суусан”. Нөгөөтээгүүр цэргийн хүн учир анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байж таараа. Тэр хүн 10 минут орчмын дараа ашгүй ухаан орсон. Хамгийн ойрхон Налайх дүүргийн эмнэлэгт хүргэж өгөөд замдаа гарсан даа.
Тэд “Намайг ямар хүн чанартай, мундаг бүсгүй вэ” гээд л хоцорсон. Уржигдар өглөө холбоо барьсан. Эмнэлгээс гараад ирж баярласнаа илэрхийлнэ гэж байсан. Тэгж хүнд хүндрэл учруулаад яах вэ дээ, “Биеэ сайн бодоорой” гэж хэлсэн дээ. Хүнээс буцаагаад тус нэхэх өртэй ч биш, тийм биз. Би харин очиж эргэюү гэсэн чинь “Яах юм бэ миний дүү, маш их баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Удахгүй уулзацгаая” гэсэн.
Хүнд туслах ийм сайхан юм уу. Би тэр үед хүнд тусалъя гэсэн бодол ямар азаар надад төрж, зогссон юм бол… Хүний амь аварсан өөрөөрөө бахархах мэдрэмж төрж байна” гэлээ.
Түүний хувьд ажил мэргэжлийн онцлогоос хамаараад өнөө жилийн сар шинээр аав, ээждээ очиж хацраа үнсүүлж чадаагүй, зун амралтаа аваад очих тухайгаа хуучилж байлаа. Энэ завшааныг ашиглаад аав, ээж, ах дүү, ажлын хамт олондоо сар шинийн мэнд дэвшүүлж, “Хайртай шүү” хэмээн уламжиллаа.
Өглөө босоод л “Хүн бай” л гэж өөртөө сануулдаг гэнэ. “Хүн чанартай хүн бай. Хүн чанартай хүн байхад хүнээс нэг ширхэг ч зоос унахгүй гэж боддог. Мэдье, суръя гэсэн тэмүүлэл минь урагшлуулж хурцалдаг” хэмээн ярьснаар бидний яриа өндөрлөв.
Үнэхээр бахархам охин байна.Хүний мөстэй явна гэдэг ийм л сайхан.Харанхуй шөнө ганцаар яваа эмэгтэй хүн хэрийн зогсохгүй дээ
Сайхан сэтгэлтэй цэрэг хүний нэр төрийг өндөр өргөсөн дүүдээ баяр хүргэе. Миний охин мөн 065-р ангийн өмнөговийн номгон дох салбарт салааны захирагчаар ажилладаг юм аа. Эх орны цэрэг чамд өвгөн цэрэг би мэхийн ёслоё. Хүнлэг сайхан чанараа хэзээ ч битгий алдаарай. Бэлтгэл ахлах дэслэгч Ш.Амгалан ёслов
Бурхан ивээг…сайхан сэтгэлтэй охин бна