
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 98.7 мянган төгрөг буюу 5.9% нэмэгдсэн байна.
Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл,
- цалин хөлсний орлого 91.3 мянган төгрөгөөр,
- тэтгэвэр, тэтгэмжийн орлого 24.3 мянган төгрөгөөр,
- бусад орлого 11.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.9 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл,
- 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 мянга,
- 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 241.9 мянга,
- 1.6-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 349.3 мянга,
- 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 303.1 мянга байна.
Орлого нэмэгдсэн гэх энэ дүнгийн цаана өрхийн зарлага ч нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.8 сая төгрөг болж орлого зарлага тэнцсэн дүн гарлаа. Харин бодит мөнгөн зарлага нь 1.7 сая төгрөг буюу өмнөх онтой харьцуулбал 147.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Нийт зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар буурч,
- хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 1.1 нэгж хувиар,
- бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар,
- бусад зарлагын эзлэх хувь 0.7 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 30 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 27 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.2 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг, засвар, үйлчилгээний зардалд 225 мянга, бэлэн хувцас, гутал зэрэгт 222.7 мянга, харилцаа холбооны үйлчилгээний зардалд 113.9 мянга, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал 113 мянган төгрөг зарцуулж буй бол 81 мянган төгрөгийг боловсролд зарцуулж байна.