
Өвлийн улирлаас урин дулааны улиралд шилжихэд тууралтат халдварт өвчлөл ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхэд, багачууд халдварт өвчлөлөөр өвчлөх нь элбэг. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад эмнэлгийн мэргэжилтний зөвлөгөө мэдээллийг хүргэхээр ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн Их эмч Б.Мөнхдөлгөөнтэй бид цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Улаанбурханы эсрэг товолт вакциныг хэдэн настай хүүхдэд хийдэг вэ?
-Улаанбурханы вакцин бол 9 сартай 2 настай хүүхдэд хийдэг. Тэгэхээр 9 сар хүртэлх насны хүүхэд энэ халдварт өвчлөлийн эсрэг дархлаа тогтоогүй байдаг гэсэн үг. Иймээс эдгээр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.
9 сар болон 2 настай хүүхдүүд вакциндаа хамрагдаагүй учраас халдвар авах маш эрсдэлтэй.
-Улаанбурханы тээвэрлэгдсэн, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварууд байгаатай холбогдуулан мөн тухайн хүмүүс халдвартай байх үедээ гадуур олон нийтийн газраар ихэвчлэн зорчсон учраас хавьтлын үзлэгүүдийг хийж байна. Мөн тууралт халдвартай хүүхдүүд ялган оношлуулахаар манай Яаралтай тусламжийн хүлээн авахад ойрын өдрүүдэд ихээр хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч байгаа.

Улаан эсэргэний халдварт өвчлөл ихэсчээ
-Өнөөдөр ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн хүлээн авахаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүүхдүүд дунд өөр төрлийн тууралтат өвчлөлүүд байна уу?
-Улаан эсэргэнэ буюу хоолой, залгиурын үрэвслээр өвчлөл нь эхлээд биеэр тууралт гардаг халдварт өвчин нэмэгдэж байна. Энэ нь А хүрээний стрептококк бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамжин халдаврладаг эмгэг юм. Халдвар авсан тохиолдолд ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Бага насны хүүхдүүд, тэр дундаа 10 хүртэлх насны хүүхдүүд өртөмтгий байна. Хүүхэд насанд нэг удаа тусдаг боловч аюултай өвчин юм.
Шинж тэмдэг:
Халдварын нууц үе дунджаар 2-5 хоног байх ба дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- 38-40 хэм хүртэл цочмог халуурч эхэлнэ
- Бага насны хүүхдэд бөөлжих, хэвлийгээр өвдөх
- Хоолой болон толгой өвдөх
- Хөөмий, залгуир хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчим улайх, гүйлсэн булчирхай томорч залгихад эмзэглэлтэй болж хөндүүрлэнэ
- Арьсан дээр маш хурдан улаан гүвдрүүт тууралт хүзүү, эх бие, суганы хонхор, цавь хэсгээр шигүү байрлаж гардаг
Хэл зузаан цагаан өнгөртэй болох ба хэд хоногийн дараа тод улаан өнгөтэй болж, хөхлөгүүд нь томорч бөөрөлзгөнө шиг болдог.


-Ер нь тууралтат халдварууд буюу салхин цэцгийн өвчлөлтэй оношлуулж буй хүүхэд их ирж байна. Энэ халдварын тууралт нь хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан их, бага гарах нь янз янз бий. Иймээс эм хэрэглээд бид нар тууралтыг нь зогсоох ямар нэгэн арга зам байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээг өгөөд, вирусын эсрэг эм эмчилгээг хийнэ. Ингэснээр хүндрэлээс сэргийлээд явчихдаг гэсэн үг.


-Улаанбурханы шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?
-Энэ өвчлөлийн үед олон хоног халуурдаг. Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.
Клиник шинж тэмдгээр нь:
1.Улайх үрэвслийн үе
2.Тууралтын үе
3.Эдгэрэлтийн үе гэж 3 хуваадаг.
Нууц үе нь дундачаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ.
Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг.
Нэгдүгээрт: Ринит,
Хоёрдугаарт: Ларингит,
Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг тул энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.
Хамар залгиурын үрэвсэлд, найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.
Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө.
Нүдний үрэвсэлд: нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна. Өвчний эхний үед Бельский-Филатовын (БФ) толбо гарна.


-Эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөмж, зөвлөгөөг өгөх вэ?
-Урин дулааны улирал ирж, хөрс гэсэж байна. Хүйтнээс дулааны улирал руу шилжихэд эцэг, эхчүүд хүүхэд багачууддаа шууд нимгэн хөнгөн хувцас өмсүүлчихдөг. Үүн дээр эрт яарахгүй байх, мөн дархлааг нь сайтар дэмжиж, эцэг, эхчүүд өөрсдөө халддвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, ам болон залгиур хоолойгоо уусмалаар зайлах, тогтмол гараа угаахыг зөвлөж байна.
Ярилцсанд баярлалаа.