
Сар шинийн баярын өдрүүдээр буюу шинийн хоёрны өдөр “Чингис хаан” үндэсний музейд сүндэрлүүлэн босгосон алтан хөшөө гэнэт гарч ирснээр Монголчуудыг илтэд гайхшруулж орхив.
Энэхүү алтан хөшөөний асуудал гэнэтийн бэлэг шиг л Монголчуудад санагдсан нь тодорхой…
Өдөр бүр өөр өөр өнгө аястай, шинэ содон “сюрприз” барьдаг Төртэй улс шүү гэж зарим нэг нь гайхшрах, харин нөгөө талд энэ том алтан хөшөөний санхүүжилт хаанаас гараад ирэв хэмээн эрэл сурал болох энүүхэнд сууна.
Албаны эх сурвалжаар алтан хөшөөг сүндэрлүүлэн босгосон нь аялал жуулчлалын салбараа дэмжих, жуулчдыг татах гол зорилготой гэнэ. Тэр дундаа Өвөрмонголчуудыг татах юм байх…
Харин биднийг “Чингис хаан” үндэсний музейг зорих очиход хаалттай хаалга угтав. Уул нь Сар шинийн баярын өдрүүдээр бүх нийтээр амарч буй тул нийслэл хотын музей нээлттэй хаалгатай үзэгчдийг угтана гэсэн биш билүү?
Бүх музей ажиллана гэсэн тул тэр дундаа “Аварга том алтан хөшөөтэй” болсон гээд үзэхээр бид зорин ирлээ хэмээсэн багагүй хүнээс гадна цөөн тооны Өвөрмонголчууд ч хаалттай хаалга мөргөөд буцаж буй харагдана.
Жуулчдыг бид хөшөөгөөр татах уу? Эсвэл хөшөөтэй хамтатган дагалдах үйлчилгээ, аялал жуулчлалын хэрэгслүүдээ ядаж өндөр түвшинд биш юмаа гэхэд илтэд тодорхой хэмжээнд сайжруулах ёстой юу?
Ингээд бодохнээ ер Монголчууд бид хөшөөгөөр дутаагүй билээ хэмээн шүүмжлэх нэгэн нь ч байна. Арга ч үгүй биздээ, эв хав муутай, хэлбэр дүрс унжуу дорой олон арван хөшөөнд хэдэн тэрбумаар нь мөнгө төгрөг цацаж салхинд хийсгээд байсан өмнөх олон арван гашуун бөгөөд бодит жишээнүүдээс ард түмэн залхаа биздээ…
Их хааны алтан хөшөөний төслийн ажил гурван жилийн өмнө буюу 2020 оноос “Чингис хаан” үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн яригдаж эхэлжээ. Ингээд тус онд “Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдан музейд Их хаантай холбоотой ямар үзмэр байх вэ? гэдэг асуудал яригдан хэд хэдэн удаа тус зөвлөл хуралдсанаар уг хөшөөг байгуулахаар шийдвэрлэсэн аж.

Монголбанк Соёлын яам болон “Чингис хаан” үндэсний музейн удирдлагуудад үүрэг чиглэл өгсний дагуу уг төслийн ажлыг эхлүүлсэн байна. Италийн Флоренз хотын “Art’u di Gaetano Salmista” хүрлийн үйлдвэрт уг хөшөөг цутгасан байна.
7.5 метрийн өндөртэй алтан хөшөөний тээвэрлэлтийн зардалд 8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан хэдий ч тусгай үүргийн онгоцоор авчирсан тул зөвхөн ачаа тээврийн зардал нэмэгдэн нийт 8.9 тэрбум төгрөг болжээ. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд алтан хөшөөг угсралтын ажил хийгдсэн ажээ.
Чингис хааны алтан хөшөөний их биеийн бүрмэлд 7кг, зөвхөн тамганд нь 99кг цэвэр алтыг тус тус зарцуулсан байна.
Уг хөшөөний санхүүжилт хаанаас хэрхэн гарсан, тэр дундаа алтан хөшөөний ажлууд хэрхэн үе шаттай, ямар дарааллаар явж ирсэн талаар бид Соёлын яам болон тус музейн захиргаанаас тодруулан мэдээлэл бэлтгэн хүргэх болно.