
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу бүтцийг баталдаг бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас “Наppy January” буюу “Аз жаргалтай нэгдүгээр сар” иж бүрэн бодлогыг зарлана. Үүнтэй холбоотойгоор сурагчдын амралтад зохицуулалт хийх шаардлага гарсан. Сурагчдын амралтыг нийслэл, орон нутаг гэдэг байдлаар ялгаатай хуваарилдаг. Нийслэлийн болон орон нутгийн сурагчдын амралт эхлэх хугацаа долоо хоногийн зөрүүтэй ч дуусах хугацаа нь адил байдаг.
Энэ жилийн буюу 2024-2025 оны хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй. Энэ хугацаанд бага ангийнхан таван долоо хоног амарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс 2025 оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл. Энэ нь ханиад, томуу өвчний дэгдэлтийг тооцсон гэлээ.
2025-2026 оны хичээлийн жил мөн л гурван улирлын бүтэцтэй байна. Гэхдээ амралтыг нэг долоо хоногоор сунгах аж. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас бага анги амарна. Ингээд 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл нь эхлэхээр төлөвлөжээ. Энэ нь 6 долоо хоног буюу нэг сар гаруй амарна.
Ингэснээр түгжрэл бууруулна. Мөн ид хүйтний үед хүүхдийг ханиад, томуу тусахаас сэргийлж байгаа хэрэг юм.
Үүнтэй уялдуулаад эцэг эхийн амралтын цаг болон дотоодын аялал жуулчлалын талаар холбогдох яамд тухай бүрд нь зарлах болно.
Харин дунд ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ны Даваа гарагаас эхлэн таван долоо хоног амарна. Ахлах ангийнхан дунд ангийнхантай зэрэг амрах ч эхний долоо хоног нь цахим хичээл явна.
Өвлийн амралтыг ид хүйтний үед нэг долоо хоногоор нэмж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоногоор сунаж хичээллэнэ. 2026 оны зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд таарч байгаа. Энэ өдрүүдэд шалгалтын долоо хоног байх зохицуулалт хийсэн. Ингээд амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ.
Орон нутгийн хувьд өвлийн амралт эхлэх хугацаа нь бага ангийнхан таван долоо хоног, дунд, ахлан ангийнхан дөрвөн долоо хоног амарна. Нэг долоо хоног нь цахим сургалттай. Ингээд мал төллөх үеэр дөрөвдүгээр сард нийслэлийн сурагчдаас нэг долоо хоногоор илүү буюу 14 хоног амрах аж.