
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канад болон Мексикийн импортын бараанд ноогдуулсан 25 хувийн татвар, Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд тогтоосон нэмэлт 10 хувийн татвар 3-р сарын 4-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх талаар өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр эдгээр улсаас АНУ руу мансууруулах бодис орж ирсээр байгаа аж. Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Д. Трамп энэ сарын 4-нд Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ноогдуулсан 10 хувийн татвар дээрээ дахин 10 хувийг нэмж, 20 хувь болгож байгаагаа онцолжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын Truth Social нийгмийн сүлжээндээ бичсэнээр АНУ-ын хилээр мансууруулах бодисууд тэр дундаа фентанил нь асар их хэмжээгээр орж ирсээр байгаа аж.
АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлсэнээр 2023 онд АНУ-д синтетик хар тамхинаас болж 72 776 хүн амиа алдсаны дийлэнх нь фентанил хэрэглэдэг байжээ.
АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба 2025 оны 1-р сард 991 449.5 кг фентанил хураан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 50.5 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч энэ нь олон сая америкчуудын аминд хүрэхээр хэмжээ хэвээр байгааг Цагаан ордон онцолжээ.
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний зүгээс Д. Трампын татварын нэмэгдлийн хариуд АНУ-ын эрчим хүч, хөдөө аж ахуйн импортын нэр бүхий бараа бүтээгдэхүүнүүдэд адил 10 хувийн татвар тогтоосон билээ. Д. Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо Хятадын импортын бараанд 25 хувийн татвар ноогдуулж байсан ба үүн дээр дахин 20 хувийн татвар нэмэгдсэнээр Бээжин өмнөхөөсөө хүчтэй хариу арга хэмжээ авах магадлалтайг ажиглагчид онцолж байна.
Ерөнхийлөгчийн Д. Трампын шийдвэртэй холбоотойгоор Канад болон Мексикийн албаны хүмүүс АНУ-д айлчилж, Америкийн эрх баригчидтай уулзаж, татварын нэмэгдэл нь Хойд Америкийн эдийн засгийн хувьд хүнд цохилт болно гэдгийг онцлох аж.
Мексикийн Сангийн сайд Марсело Эбрард АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэмисон Грир болон Худалдааны сайд Ховард Лютник нартай уулзах бол Канадын Нийтийн аюулгүй байдлын сайд Дэвид МакГинти хар тамхины хууль бус наймаатай тэмцэх зорилгоор Канадын талаас хоёр улсын хилийн хамгаалалтыг чангатгасныг Д. Трампын засаг захиргаа үнэлэх байх гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эx Сурвалж: CNN.Com