
“Хилэнт эх” хэмээх модон Луу жил улиран одож, Могой жил гарч байна. Бид цагаан сарын шинийн 2-ны энэ өдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайтай уулзуулж байна.
-ГЭЭСЭЭР ЯВААД МОНГОЛ ЮУТАЙГАА ҮЛДЭХ ЮМ-
Тэрбээр “Би Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын хүн. Цагаан сар гэхээр нутаг ус маань санагдах юм. Манай нутгийнхан өвөрмөц сайхан зан заншилтай. Хүмүүс их хувирч өөрчлөгдөж, цаг үеэ даган өөрт байсан үнэ цэнтэй юмаа мартаж байгаа энэ цагт манай Бүрэнгийнхэн, Бүрэнгийнхэн хэвээрээ л байсан. Айлын эзэнгүй адуу явж байлаа гэхэд худгийн хажуугаар зүгээр өнгөрөөчихгүй, услаад л гаргана. Бие биеийнхээ адууг тамгаар нь мэдэх тул гэрээд нь чиглүүлээд туучихна даа” хэмээн нутаг усаа дурслаа.
-Нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ явав, та?
-Манай сум 100 жилийн намтартай, ахмад сум. 95 жилийн ойгоор нь би эхнэртэйгээ хамт очсон юм. 100 жилийн ойд нь бол очиж чадаагүй ээ, биеийнхээ байдлаас болоод… Би чинь 80 жил нутагтайгаа насалж яваа хүн шүү дээ.
-Та бол Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч хүн. Тэр утгаараа тан дээр бас төрийн өндөрлөгүүд ирж золгодог болов уу гэж бодож байна.
-Байхгүй дээ.
-Ирж золгож байсан түүх ер нь байхгүй юу?
-За, яах вэ байдаг. Манай аймгийнхан ирнэ. Бас манай зохиолчид, залуучууд, шавь нар ирнэ ээ, ирнэ.
-Та Бөхийн өргөө явж бөх үзэж байна уу эсвэл зурагтаараа л үзчихэж байна уу?
-Гэртээ бөх үзнэ шүү. Заавал үзнэ. Бөхийн хорхойтон гэх нь ч хаашаа юм. Гэхдээ л бөхөд дуртай, бөхөд хайртай. Сайхан бөхчүүд ч ойрд их гарч байна шүү.
-Хэн, хэнийг дэмжиж захыг нь мушгиж байна, та?
-Би тэднийхээ нэрийг бараг мартчихаад байна даа. Залуухан сайхан заан, арслан олон боллоо. С.Сүхбат, Э.Батмагнай гээд сайхан, сайхан бөх олон байна аа.
Цагаан сарын баярыг зарлага өндөртэй гэх талаар нь төвөгшөөж хүлээж авдаг хүмүүс бий. Д.Цоодол гуай үүнд эмзэглэж явдгаа нуусангүй.
“Үнэндээ айл гээд, хэдэн хэвийн боов давхарлан өрж, ууц тавьчхаад 60-иад жил болж байна. Хүүхдүүд бол бараг гайхмаар юм шүү… Энэ ч их үрэлгэн баяр, цаг зав их орох юм. Ер нь хэрэг байна уу? гэж байгаа хүмүүс байна шүү. Энийг ч больё, түүнийг ч больё гээд байх юм бол гээсээр яваад, Монгол юутайгаа үлдэх юм. Ерөөсөө хир халдааж болохгүй баяр гэвэл Монголын цагаан сар, улсын наадам.
Хүүхэд байхад цагаан сарыг чинь одоо их хүлээнэ шүү дээ. Нэг шуудай тохчихсон тэр нь яаж байгаа юм гэхлээр өнөө л хэвийн боовонд л явж байгаа улс шүү дээ. Түүнийгээ цагаан тостой цайнд хөшиглөөд хаваржин л иднэ. Цаг, цагт нэг цадна. Цагаан сараар нэг цадна гэдэг үг үнэн санагддаг байжээ, хүүхэд байхад…” гэлээ.
-АМЬДРАЛ БОЛ АМЬДРАЛ, ӨВГӨД БОЛ ӨВГӨД-
“Ах нь өрвийсөн өвгөн, залуудаа ч ийм л байсан. Одоо ч, цаашид ч гэсэн тийм л… Бурхан дахиад хэдэн нас хайрлах байгаа юм.
Үс, зүс, хувцсанд ах нь нэг их анхаарал тавиад байдаггүй ээ. Энэ чинь мөн чанар биш. Хүн л байх хэрэгтэй дээ. Болж өгвөл хүн л байх хэрэгтэй. Хүн байх их хэцүү бололтой дог, хүмүүсийг харжээ байх нь. Уг нь болох юм шүү дээ. Нэг яльгүй ч гэсэн юманд шунахгүй байх, яльгүй ч гэсэн хүнийг дээрэлхэхгүй байх, яльгүй ч гэсэн ном сониноо уншчихдаг байхад хүн байх их гайгүй байж магад. Хүнийг хүн болгодог ганцхан гол юм бол энэ монгол ёсоо баримтлаад явах. Би чинь монгол хүн шүү дээ гэж би боддог. Үнэндээ би ямар нэгэн юмтай тулахад за, энийг чинь манай Талын булгийн, манай Бүрэнгийн тэр гуай яаж шийдэх вэ гэж нүдээ эргэлдүүлээд нутгийнхаа өвгөдийг бодно шүү.
Хүн гэдэг чинь хөөрхий усны шувуу шиг л амьтан юм байна шүү дээ. Бидний үеийнхэн их цөөрчихлөө. Одоо миний чацуутан гэвэл Балжирын Догмид байна. З.Ядмаа гэж хүн байна. Санжаажавын Оюун байна. Манай Тангадын Галсан бол одоо бурхан тэнгэр минь одоо бидний дотор хамгийн ахмад нь. Сайхан сэтгэлтэй, авьяастай хүн насалдаг л юм бол манай П.Бадарч урт насалж, удаан жаргах ёстой. Манай Лувсандамбын Дашням гэж луугар амьтан бий. Манай Урианхай байна. Бид нарын дунд нэг ийм “амьтан” ямар азаар заяасан юм гэмээр хүн дээ.”
-Үе чацуутан, нөхөдтэйгөө сүүлд хэзээ уулзав?
-Уулзъя гэж их бодох ч чадахгүй юм. Би чинь одоо гэрээс гарахгүй байна. Гэрийн хүн болчхоод байна. Бид хэд чинь уулзвал гэрээрээ л уулзана шүү.
-Та хэд уулзаад шатар нүүж байна уу, ер нь юу хийдэг вэ?
-Бид чинь өнөө уран зохиолоо ярьж байна. Гэхдээ дотроо бол бүжиглэж л байгаа шүү дээ.
Бас бие биедээ итгэнэ. Юунд нь итгэж байна вэ гэхээр туршлагад нь, мэдрэмжид нь, хүн төрхөд нь найдаж итгэнэ биз дээ. Тэгээд сайхан яриад тарна даа. Харин одоо нас яваад тэр бүр утсаар туужийн тухай ярина гэдэг худлаа болоод байна.
Утсаар ярихаараа голдуу биеэ л асууцгаана. Чиний өнөө чих чинь яасан бэ?, Яаж байна өнөө хөл чинь өвдөж байна уу? гэж бие биеэсээ асууна аа. Амьдрал бол амьдрал. Өвгөд бол өвгөд шүү дээ, охин минь.
-Хэнийг нь их санаж байна?
-Өө, бүгдийг нь л санана даа.
Миний муусайн найз нар
Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж оны тэргүүн бүсгүйд сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа Миний муусайн найз нар
Тоонотой гэр нь тэнд ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө задгай мөнгө шиг үрээж
Цэрэг Шандорын унасан тулалдааны талбараас
Цэцэн Ли Бай сар тэвэрч үйсэн мөрний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан шоронгийн зэвүүн өрөө
Нанчидаа Чойномын хөнтөрсөн дарсны ширээний дэргэдээс
Найрагчид найз нар минь үгээ хэлж нар хүн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг наьтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж адла
Гар дороос нь гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу согтуу түшмэдүүд хэлэг
Гагцхүү миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээс онил
Судсандаа нартай юм чинь дээ бид шатсаар л дуусна
Шоргоолж шиг бужигнах энэ орчлонд
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда, Христо, Аллах
Бууж ирээд та нартай уулзатлаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо
Будаг үнэн хоёрыг ялгуулая гэвэл
Бусад нь нэмэргүй
Наад хэдэн салбагарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла.