
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээндээ Газын зурвасыг АНУ хөгжүүлсэнээр ямар болохыг харуулсан хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгийг нийтэлжээ.
30 секунд үргэлжлэх уг бичлэг дээр дайн байлдааны уршгаар сүйдсэн Газын зурвас Ерөнхийлөгч Доналд Трампын алтан хөшөөг босгосон өндөр хөгжилтэй, амралт зугаалгын бүс нутаг болон хувирч буйг харуулжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп Газын зурвасын 2 сая орчим иргэдийг нүүлгэн шилжүүлж, тус бүс нутгийг АНУ-ын эзэмшилд авч, хөгжүүлэхээр төлөвлөж буйгаа удаа дараа мэдэгдсэн билээ.
Йорданы Баруун эрэг дэх Палестины Үндэсний засаг захиргаа АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын уг төлөвлөгөөг олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн явдал хэмээн буруушааж байгаа бол Арабын улс орнууд тэр дундаа Египет, Йорданы зүгээс Газын зурвасын иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Ерөнхийлөгч Д. Трампын нийтэлсэн бичлэгийг ХАМАС бүлэглэлийн зүгээс гутамшигтай хэмээн тодорхойлж, “Энэхүү бичлэг болон уг бичлэгийн агуулга нь бодит байдлыг мушгин гуйвуулж, бусдын газар нутгийг булаан эзлэх гэмт хэргээ зөвтгөхийг оролдож буй арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхдаг колоничлолын сэтгэлгээг тод томруун харуулж байна.” гэжээ.