
Тэрбумтан Илон Маскийн Канад улсын иргэншлийг цуцалж, паспортыг нь хүчингүй болгохыг шаардсан өргөдөлд Канад улсын 250 мянга гаруй иргэн гарын үсгээ зуржээ.
Өргөдөлд гарын үсгээ зурсан Канадын иргэд Илон Маск Канад улсын импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулж, Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно хэмээн мэдэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын хүн болсон явдалд дургүйцэж буйгаа илэрхийлжээ.
Илон Маск нь Өмнөд Африк, Канад болон АНУ-ын иргэншилтэй бөгөөд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн хамгийн ойрын түнш болсон юм.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдод хаягласан тус өргөдөлд Илон Маск нь өөрийн хөрөнгө мөнгө, эрх мэдлээ ашиглан Канадын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлж, Канадын тусгаар тогтнолыг үгүй хийхийг оролдож буй гадны засгийн газрын гишүүн болсон хэмээн бичсэн байна.
Уг өргөдлийн хариуд И. Маск өөрийн X нийгмийн сүлжээнд “Канад бол улс биш.” хэмээн бичжээ.
И. Маск нь Өмнөд Африкийн Претория хотод төрсөн бөгөөд ээж Майе Маск нь Канад улсын иргэн учраас Канадын иргэншилтэй болж, АНУ-д оюутны визээр очихдоо АНУ-ын иргэншилтэй болжээ.
И. Маскийн Канад улсын иргэншлийг цуцлах тухай өргөдөл нь 2025 оны 6-р сарын 20 хүртэл нээлттэй байх ба үүний дараа өргөдөл гаргагч нь цугларсан гарын үсэгнүүдийн багадаа 500 мянга нь хууль ёсных гэдгийг батласнаар тус өргөдлийг парламентын доод танхимд танилцуулах аж.
Нөгөө талаас Канад улс нь хууль ёсны дагуу олгосон иргэншлээ цуцалдаггүй бөгөөд Илон Маск иргэншлээ хууль бус аргаар аваагүй л бол түүний иргэншлийг эгүүлэн татах боломжгүй аж.
Эx Сурвалж: BBC.COM