
Монголчууд бид дэлхийд дахин давтагдашгүй, онцгой өв соёл, ёс уламжлалтай ард түмэн. Иймдээ ч энэ өвөрмөц ондоошлоороо ялгардаг билээ.
Жилд хоёр удаа Монголчууд өв соёл, ахуй уламжлалаараа бахархах, омогших үндэсний хоёр баяр ёслолтой.
Тун удахгүй Сар шинийн баярын өдрүүд тохиох мөч ойртсоор байна. Урин дулаан хавар цаг ирснээ угтаж бид аав ээж, ах дүү, хамаатан саднаараа учран золгодог ураг саднаа мэдэлцэн уулзан учрах Сар шинийн баярын өмнөхөн бид та бүхэндээ Монгол үнэт өвийн тусгай сурвалжилгаа өргөн барья.
Монголын уламжлалт баяр дөхөөд ирэхээр бид хэрхэн ямар дээл хувцас, өмсгөл зүүсгэл зүүх үү? Тэр дундаа ямар хөөрөг барих вэ? Хэмээн бодол болон эрэл сурал хийдэг. Хамгийн гол нь насан туршид нандиан өв болох, дараа дараагийн залгамж хойчид дамжин өвлөгдөх үнэт өв бол “хөөрөг” юм. Иймээс хэрхэн жинхэнэ чулуу, чанартай хийцлэлтэй хөөрөгийг сонгох шийдвэр гаргахаас өмнө сайтар судалгаа, шинжилгээ хийж, хөнгөн хуумгай хандахгүй байхыг зөвлөж байна.
Энэ хүрээнд бид “Өнгөт чулуун урлан”-гийн Хөөрөг урлаач, сийлбэрчин Б.Батбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Манай улсын хөөрөг урлаачдын ур чадвар ахиж, чанартай хийцлэл нь өсөн нэмэгдэж байна уу?
-Сайн байна уу? Сүүлийн арваад жилд хөөрөг урлал сайжирч, хөөрөг сонирхогчид улам их нэмэгдэж байна. Яагаад гэвэл хөөрөг хийдэг улсууд улам сайжирч өөрсдийн Монголын донж, хэлбэр дүрс гээд бүх юмаа монголжуулж өөрсдийнхөө соёлтой холбож маш гоё урладаг болж буйг тодотгох хэрэгтэй болов уу.
-Тэгэхээр чулуун эдлэлийн соёл хөгжиж буйг илтгэж байгаа хэрэг үү?
-Тийм. Энэ бол чулуун эдлэл болоод соёлын хувьд бол маш гоё хөгжил болж байгаа юм. Чулуун бүтээгдэхүүн өөрөө яагаад ийм гоё байгаа вэ гэхээр чулуу өөрөө маш гоё энергитэй. Чулуу сонирхсон хүн чулууныхаа тэр хоббиноос гарч чадахаа больчихдог. Байнга тэрийгээ улам сайжруулаад л улам сонирхоод явдаг. Тэгэхээр хөөрөг сонирхогчид чулууны урлал, чулууны гоё тогтоц тэдгээрт дурласан улсууд байдаг. Яагаад гэхээр чулуу гэдэг нь, жишээ нь хаш хөөрөг гэхэд нэг л энэ хашаараа болохоос биш энийг дахиж метал шиг өөр юм хийх боломжгүй.
Чулуу өөрөө маш гоё энергитэй байдаг


-Тэгэхээр чулуу дахиж хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй учраас часхийсэн үнэ цэнтэй бүтээл болж хувирдаг байх нь?
-Нэг л агшинд нэг зүйл болж хувирдаг учраас түүгээрээ үнэ цэнтэй, дахин давтагдашгүй цор ганц л бүтээл.
Жишээ нь ээмэг болсон бол ээмгээрээ л дуусахаас бус дахиж хувирах боломжгүй юм.
-Олон үйлдвэрлэгч байж гэмээнэ зах зээлийн зарчмаараа чанартай нь үлдэж, хэрэглэгчдэд өндөр хийцлэл бүхий чанартай бүтээл хүргэх болов уу?
-Хөөрөг урлаач олон болоод ирэхээр, өрсөлдөөн жинхэнэ үүснэ гэсэн үг. Иймээс улам сайн хийж байж л хэрэглэгчдэдээ хүргэхгүй бол хамгийн сайн хийцтэй болон сайн чулууг л хэрэглэгч сонгож авна. Үүнийг дагаад залуу урлаачид маш хурдтай ур сайтай хийж, хөөрөгний ухалтыг их гоё ухдаг болж байна.
Б.Батбаяр: Нэг л агшинд нэг биет бүтээл болж хувирдаг учраас үүгээрээ үнэ цэнтэй, дахин давтагдашгүй цор ганц


-Хөөрөгний ухалт тухайн урлаачаас маш нарийн торгон мэдрэмж, ур чадварыг шаарддаг байхнээ?
-Яг тийм. Нэг хөөрөг ухаж сурахад тухайн урлаач дор хаяж 4 жил тасралтгүй сууж байж хийж сурдаг. Үүнийхээ дараа захиалгаар, хүний хэрэглэх хэмжээнд хөөрөг урлаж сурдаг. Тэр хооронд маш их зардал гаргадаг. Чулуу эвдэнэ, хагална, дотор нь ир оруулаад эргэж, ухаж байгаа шүү дээ. Тэр зүйлийг мэдрээд, аюулгүй ухдаг болохын тулд асар өндөр мэдрэмжтэй болж байж ухдаг. Тэр мэдрэмжийг суухын тулд хүн маш их цаг зарж байж сурдаг.
Хөөрөг урлаачийн гол ур чадвар ухалтан дээр ялгарч харагддаг


-Таны хувьд хөөрөгний ирээдүйн зах зээлийг хэрхэн харж байна вэ?
-Цаашдаа улам олон залуучууд хийдэг болох хэрэгтэй байна. Одоо энэ урлалыг улам хөгжиж байгаа энэ цаг үед нь улам л гоё хөгжүүлэх нь бидний үүрэг л дээ. Гол зүйл нь энэ ухалт байдаг. Чулуу болгонд эрүүл мэндийн талаас ч гэх юмуу, өөрийн гэсэн нэг онцлог байна л даа.
Жишээ нь: гартаам чулуу гэхэд саажилттай улсуудад ойр байх, байнга барьж байвал эд эс нь сэргэж байдаг.


-Чулуун дотроос онцолбол ямар ямар чулуу тухайн эзэндээ эрүүл мэндийн талаасаа ч тэр ээлтэй вэ?
-Маш сайн 2 төрлийн чулууг хүнд хэрэгтэй гэж үздэг. Яагаад гэхээр лабораторийн аргаар, тэр хүнд ээлтэй байгаа талаараа хамгийн сайн чулууг “хаш” болон “оюу” чулууг гэж үздэг.
-Хөөрөгний үе үеийн байгаа байдал нь нэг ёсондоо үнэт өв, эдлэлийн хөгжил юмуу даа?
-Хөөрөгний хөгжил улам гоё болгохын хажуугаар манай эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд маш гоё, чамин хөөргөнд дурлаж байна. Энэ нь хөөрөг урлалын хөгжилд их сайхан зүйл болж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөөрөг ер нь жижиг байдаг. Эрдэнийн чулуу жижиг байх тусмаа өөрөө маш чамин болдог.


Жишээ нь гартаам гэхэд хээ нь томроод ирдэг бол харин маш жижиг хэмжээтэй гартаам чулууны гүйдэл нь өвөрмөц, гоё, чамин болдог.
Мана чулууны хувьд гэхэд халтар хээ нь нарийн жижиг орж ирээд маш гоё болдог. Манай Монголчууд ярьдаг шүү дээ.
“Эрдэнийн чулуу, эмэгтэй хүн хоёр жижигхэн тусмаа чамин” гэдэг шиг.
Тэгэхээр эмэгтэйчүүд өөрсдийнхөө хоббигоор Бортгон хөөрөг мөн зүүдэг хөөрөг урлуулж байна. Хөөрөгний хэлбэрт баригдахгүй гоё, гоё хөөрөгнүүд урлуулдаг болсон.


-Ирээдүйд хөөрөгний хэлбэр хийцийн өнгө төрхийг тодорхойбол?
-Ер нь яваандаа хөөрөг гэдэг зөвхөн тогтсон нэг хэлбэртэй байна гэх бус. Харин ч хэлбэр загвараа өөрчилж, шинэ загварыг эрэлхийлэх нь чулууны урлалын хөгжлийн давуу тал гэж би боддог.
Ярилцсанд баярлалаа.

