Музейн нээлттэй өдрүүд ирэx долоо xоногт эxэлнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Цагаан ордонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
Тэрээр Ерөнхийлөгч Д. Трамптай Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа талууд Украинд бат бөх, удаан хугацааны энх тайвныг тогтоож, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх дээр санал нэг байгааг онцолжээ.
Э. Макрон, “Европын хувьд энэ асар чухал мөч юм. Европын холбооны түншүүдтэйгээ хийсэн хэлэлцээний үеэр хэлсэнчлэн Европын холбоо Европ тивийн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулж, илүү хүчирхэг түнш болохыг эрмэлзэнэ.” хэмээн мэдэгджээ
.
Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа дотоодын асуудлаа нэн түрүүнд тавих бодлого баримталж, ОХУ-Украины дайныг зогсоох асуудал дээр Украин эсвэл Европын эрх баригчдын оролцоогүйгээр ОХУ-тай хэлэлцээ хийж байгаа нь Европын эрх баригчдын санааг зовоож байгаа билээ.
Өнгөрсөн сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Д. Трамп ОХУ-Украины дайныг зогсоох асуудал дээр маш их ахиц дэвшил гараад байгааг онцлохын зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Э. Макронтой Украинд энхийг тогтооход гарах өртөг зардал, явдал чирэгдлийг АНУ ганцаараа бус Европын улс орнууд ч мөн хариуцах ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэжээ.
Э.Макрон Европын холбоо Украинд энхийг сахиулагчдаа байршуулах зэргээр аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөд бэлэн гэсэн бол Ерөнхийлөгч Д.Трамп уг санааг дэмжиж буйгаа илэрхийлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч Украинд Европын энхийг сахиулагчдыг байршуулах санааг хүлээн зөвшөөрсөн гэжээ.