
Хойд Солонгосын хакерууд 40 сая гаруй хэрэглэгчидтэй дэлхийн хоёр дахь том цахим валют арилжааны сайт болох Bybit сайтад халдаж, 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх цахим валютыг хулгайлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Хойд Солонгосын хакерууд улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний багагүй хувийг эзлэх хэмжээний валютыг хулгайлж, Пхеньяны эрх баригчид Хойд Солонгосын тагнуулын байгууллагуудтай холбоотой дансуудаар дамжуулан хакерудын хулгайлсан цахим валютын 160 сая орчим ам.долларыг угааж амжсан байна.
Хойд Солонгосын хакеруудын хувьд энэ нь өнгөрсөн онд хулгайлсан нийт мөнгөнийхөө хэмжээг хоёр дахин нэмсэн явдал байв.
БНСУ болон АНУ-ын засаг захиргааны хувьд Пхеньян хакеруудынхаа хулгайлсан мөнгөөр цөмийн болон пуужингийнхаа хөтөлбөрийг санхүүжүүлдэг гэж үздэг юм.
АНУ-ын тагнуулын мэдээгээр сүүлийн жилүүдэд Пхеньян хакеруудынхаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хулгайлсан олон тэрбум ам.долларын талаас илүү хувиар пуужингийнхаа хөтөлбөрийн санхүүжүүлсэн аж.
Bybit компанийн Гүйцэтгэх захирал Бэн Жөү хэрэглэгчдэдээ уг асуудлаар хууль сахиулагчидтай ажиллаж байгаа тухайгаа мөн хулгайд алдсан 1.5 тэрбум ам.долларын алдагдлаа нөхөж чадна гэдгээ мэдэгдсэн байна.
Хойд Солонгосын хакерууд цахим халдлагаа үйлдэж, цахим валют хулгайлсаны дараа Пхеньяны эрх баригчид уг цахим валютыг нь мөнгө болгох ажиллагаагаа эхлүүлдэг ба мөнгө угаах үйл явц нь тухайн цахим валютыг өөр бусад цахим валютууд рүү шилжүүлж, эцсийн шатанд тэдгээр валютаа Америк доллар эсвэл Хятадын юань болгох хэлбэрээр явагддаг аж.
АНУ болон БНСУ-ын хууль сахиулагчид Хойд Солонгосын хакеруудын хулгайлсан мөнгийг буцааж авахыг оролддог ч бүтнээр нь буцааж авч байсан удаагүй аж.
Америкийн цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд Хойд Солонгосын хакеруудын Калифорнид төвтэй цахим валют арилжааны фирмээс хулгайлсан 100 сая ам.доллараас зөвхөн 1 саяыг нь буцааж авч байсан ба Bybit сайтаас хулгайлсан 1.5 тэрбум ам.доллараас одоогийн байдлаар 43 саяыг нь эргүүлэн авч чаджээ.
Bybit компани алдагдсан цахим валютыг нь буцааж авахад тусалсан цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд 10 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэдгээ мэдэгджээ.
Эx Сурвалж: Cnn.com