
Ипотекийн зээлтэй иргэдийн дийлэнх даатгалын талаар буруу ойлголттой байх нь элбэг.
Өнөөдөр Монгол Улсад 123 мянган иргэн Ипотекийн зээлтэй бөгөөд нийт 6.8 их наяд төгрөгийн өртэй байна.
Эдгээр иргэний дийлэнх нь гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байдаг ч даатгалаа амь насны бүрэн даатгал гэж ташаа ойлгодог. Тиймээс товч тайлбар хүргэе.
Гэнэтийн ослын даатгалд ослын улмаас амь насаа алдах, гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл хамаардаг.
Харин амь насны бүрэн даатгал нь аливаа өвчлөл, ослоос шалтгаалан амь насаа, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг өргөн хүрээний эрсдэлийг хамардгаараа онцлогтой юм.
Монгол Улс зүрх судасны өвчин, хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг тул зөвхөн гэнэтийн ослоос гадна өвчлөлийн эрсдэлийг хамарсан даатгалын хамгаалалт нэн чухал.
Үүний тулд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор баталсан ‘Ипотекийн даатгалын журам’-д зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгалд хамруулдаг уг журмыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Хамгийн гол нь иргэд амь насны бүрэн даатгалд хамрагдсанаар гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.