
Испанийн Дээд шүүх Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Женни Эрмосог зөвшөөрөлгүй үнссэн Испанийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан Луис Рубиалесийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт гэм буруутай гэж үзжээ.
Прокурорууд 2023 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан Испанийн шигшээ багийн тамирчин Женни Эрмосог уруул дээр нь зөвшөөрөөлгүй үнссэн Луис Рубиалест 2.5 жилийн хорих ял өгөхийг хүссэн ч шүүгч Л. Рубиалесийг 10 мянга гаруй еврогоор торгож, нэг жилийн хугацаанд Женни Эрмосотой харьцахгүй байж, түүнд 200 метрээс дотогш ойртохгүй байхыг үүрэг болгожээ.
Шүүх хурлын дараа Л. Рубиалес давж заалдана хэмээн мэдэгдсэн бол Ж. Эрмосогийн өмгөөлөгч мөн л шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
47 настай Л. Рубиалесийн үйлдэл олны бухимдлыг төрүүлж, олон нийт Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн спортод хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал байсаар байгаад мэдэж авсан юм. Л. Рубиалесийн хувьд бэлгийн хүчирхийллийн хэргээс гадна Испанийн хөлбөмбөгийн супер цомын тэмцээнийг Саудын Арабад зохион байгуулсаныхаа төлөө их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байгаа аж.
Шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Л. Рубиалес Ж. Эрмосог түүний зөвшөөрөлтэйгээр үнссэн гэж мэдэгдсэн ч шүүгч шийдвэрээ Ж. Эрмосогийн талд гаргаж, Л. Рубиалест Ж. Эрмосод 3000 еврогийн нөхөн төлбөр өгөхийг үүрэг болгосон байна.