
БНХАУ-ын цэвэр эрчим хүчний салбар тус улсын 2024 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлж, рекорд тогтоожээ.
13.6 их наяд юаний борлуулалт болон хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Хятадын цэвэр эрчим хүчний салбар нь үл хөдлөх хөрөнгийн салбарыг ардаа орхижээ. Нарны эрчим хүч, цахилгаан автомашин, зай хураагуурын үйлдвэрлэл зэрэг нь Хятадын цэвэр эрчим хүчний салбарын өсөлтөнд гол үүрэг гүйцэтгэжээ.
Тухайн улсын статистик тоо баримт, салбарын дата болон шинжээчийн тайлан зэргийн үндсэн дээр судалгаа шинжилгээгээ гаргадаг Carbon Brief сайтад бичсэнээр Хятадын цэвэр эрчим хүчний салбарт цахилгаан тээврийн хэрэгслүүд болон цахилгаан машины зай хураагууруудын борлуулалт хамгийн их хувь нэмэр оруулжээ.
Тус улсад үйлдвэрлэж буй шинэ автомашинуудын 41 хувийг цахилгаан болон хайбрид автомашинууд эзэлж байна.
Carbon Brief сайтын шинжээч Саймон Эванс, “Бээжин сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний салбарт маш их хөрөнгө мөнгө хаяж байгаа билээ. Энэ бол урьдаас тооцож төлөвлөсөн, стратегийн алхам юм. Газрын тосны томоохон импортлогч орны хувьд БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулж, автомашины шатахууны импортонд мөнгө зарлагдахгүй байхыг хичээж байна. Тэд цэвэр эрчим хүчний салбараа сайхан сэтгэлийн үүднээс хөгжүүлээд байгаа юм биш.
Энэ салбар нь маш ашигтайгаас гадна Бээжин уг салбарт их хэмжээний хөрөнгө оруулаад байгаа юм. АНУ-ын Доналд Трамп уур амьсгалын өөрчлөлтөнд итгэхгүй байна гэж мэдэгдсэний төлөө Бээжин цэвэр эрчим хүчнээс татгалзахгүй.” хэмээн ярьжээ.
Хятадын цэвэр эрчим хүчний салбар энэ эрчээрээ өсөх эсэх нь Хятадын засгийн газрын энэ онд хэрэгжүүлж эхлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөнөөс шалтгаалах ч Бээжин өнгөрсөн жил болсон НҮБ-ын Уур амьсгалын чуулга уулзалтан дээр цэвэр эрчим хүчний салбараа үргэлжлүүлэн хөгжүүлэхээ мэдэгдсэн юм.
Эx Сурвалж: CCTV.COM