
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод ОХУ болон АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудын ОХУ-Украины дайн эхэлсэнээс хойшхи анхны дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв.
4 цаг хагас үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд талууд элчин сайдын яамдынхаа үйл ажиллагааг сэргээж, ОХУ-Украины дайныг дуусгах асуудлаар хэлэлцээ хийх тусгай төлөөлөгчдийг томилохоор болжээ.
Уг уулзалтын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Эр-Риядад болох уулзалтаар талууд нэн түрүүнд хоёр улсын харилцааг сэргээх, ОХУ-Украины дайн болон хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын зохион байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
Уг уулзалтын дараа Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио талууд Вашингтон болон Москва дахь элчин сайдын яамдын ажилчдын тоог өмнө байсан хэмжээнд нь хүргэхээр тохирсон гэжээ.
Тус уулзалтанд ОХУ-ыг төлөөлж оролцсон Гадаад харилцааны сайд Сергей Лавров талууд хоёр улсын дипломат харилцааг сэргээж, элчин сайд нараа даруй томилж, дипломатчдын ажлыг хүндрүүлж байсан саад бэрхшээлүүдийг арилган, элчин сайдын яамдынхаа хэвийн ажиллагааг сэргээхээр болсон хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн талууд ОХУ-Украины дайныг зогсоох асуудлаар тусгай төлөөлөгчид томилж, хэлэлцээ эхлүүлэхээр тохирсон гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-Украины дайныг дуусгах гэрээ хэлэлцээрт заасан нөхцлүүд нь Украин, ОХУ болон Европын түнш орнууд гээд бүх талуудад хүлээн зөвшөөрөгдөхөөр байх ёстой гэдгийг онцолсон бол тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-Украины дайныг дуусгах хэлэлцээний аль нэг шатанд Европын төлөөлөл оролцох нь гарцаагүй хэмээн мэдэгджээ.
Д. Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц Ерөнхийлөгч Д. Трамп Украинд болж буй дайныг түр зуур бус бүр мөсөн зогсоох хүсэлтэй байгааг онцолсон байна.
С. Лавров ОХУ болон АНУ-ын төлөөлөгчид хоёр улсын бүх талын хамтын ажиллагааг сэргээж, хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн эдийн хамтын ажиллагааг хүндрүүлж буй саад бэрхшээлүүдийг арилгахаар болсон гэжээ. Түүний хэлсэнээр тус уулзалтын үр дүнд Америкийн тал ОХУ-ын байр суурийг илүү ойлгож эхэлсэн аж.
Fox News сувгийн мэдээлж байгаагаар талууд ОХУ-Украины дайныг талууд галаа зогсоох, Украинд сонгууль явуулах, эцэст нь энхийн гэрээ тогтоох зэргээр 3 үе шаттайгаар дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
Москва, Вашингтон хоёр ОХУ-Украины зөрчилдөөнийг эцэслэхэд Украинд сонгууль явуулах нь чухал гэдэг дээр санал нийлж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Украины одоогийн төрийн тэргүүнээс бусад нь илүү уян хатан байж, гэрээ хэлэлцээрийн үед буулт хийхдээ бэлэн байна гэж үзэж байгаа аж.