
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эсэхээ шийдвэрлэх тун чухал тоглолт маргааш болох юм. Сагсан бөмбөгийн шигшээ баг маань өчигдөр Гуамд бууж оройноо эхний бэлтгэлдээ гарлаа. Энэхүү тоглолтын эргэн тойрон дахь мэдээ, сурвалжилгыг “Өрөг.мн” видео сайтын баг Гуам арлаас албан ёсны эрхтэйгээр сурвалжлахаар шигшээ багийн хамт явж буй юм.
Энэ сарын 20-ны өдөр Гуамын шигшээ багтай тоглох “С” хэсгийн чухал тоглолтын дараа 23-ны өдөр Японы шигшээтэй Улаанбаатар хотод тоглох тус тус хуваарьтай байгаа.
Энэхүү хоёр тоглолтын хамгийн чухал өрсөлдөөн бол Гуамын эсрэг хийх тоглолт юм. Хэрвээ Монголын шигшээ баг Гуамыг талбайд нь 12 болон түүнээс дээш оноогоор хожиж чадах юм бол Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжоо хадгалж үлдэнэ гэсэн үг ээ. Тодруулбал, Азийн аваргад оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолтыг өөр хэсгийн гуравдугаар байрт шалгарсан багтай хийх юм.
Гуам улсын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Азидаа хүчирхэгт тооцогддог. Гуамын шигшээ баг чансаагаараа тивдээ топ 10-т эрэмбэлэгддэг.
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос далайн аварга шалгаруулах тэмцээнд Австрали, Шинэ Зеландаас өөр баг мөнгөн медаль хүртсэн ганцхан тохиолдол байдаг. Тэр нь Гуамын шигшээ баг юм. Тэгэхээр арал улс дотроо сагсан бөмбөгөөрөө хамгийн хүчирхэг гурван улсын нэг ажээ.