
Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр нүүрсний үнийн бууралт үргэлжилсээр байна.
Өнгөрсөн 7 хоногт Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнд БНХАУ-ын талтай манай Засгийн газрын гарын үсэг зурсан гэрээ Монголын нүүрсний экспортод өндөр ашгийг үзүүлэх хүлээлттэй байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн үргэлжилсэн бууралт болон хятадын нүүрсний импортын хязгаарлалт манай нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ бол зөвхөн экспортын асуудал бус үүний цаана Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого тасрах эрсдэл дагуулах угтвар нөхцөл гэж бид харах нь зүйтэй.
2024 оны эхнээс өнөөдрийг хүртэл 83 сая орчим тонн нүүрсийг экспортлочихоод байгаа Монгол Улс хэрвээ дээрх төмөр замыг ашиглалтад оруулчихвал 160 гаруй сая тонн нүүрсийг экспортлох боломжтой болно.
Нүүрсний үнийн өсөлт 2020-2024 он хүртэл хадгалагдаж байсан ч 2024 оны сүүлээс буурч эхэлсэн. Жил бүрийн статистикаас харахад цагаан сарын өмнө буюу өвлийн улиралд нүүрсний эрэлт хэрэгцээ ихэсдэг. Үүнийгээ дагаад үнэ нь ч өсдөг. Гэтэл 2024 оны сүүлээр түүхий эдийн зах зээл дээр ийм төлөв гараагүй юм. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр БНХАУ Австралиас сүүлийн 3 жил орчим нүүрсний экспортоо зогсоочихсон байсан бол Австралиас эрчим хүч нүүрс худалдан авах үйл ажиллагаагаа сэргээсэн. Тус улс 2024 онд коксжих нүүрсийг Австралиас бага хэмжээгээр худалдаж авсан. Голлон эрчим хүчний нүүрсийг худалдаж авсан юм.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Гаалийн газрын мэдээллээр хил орчмын агуулахууд нүүрсний нөөц хангалттай дүүрэн байна аа, тийм учраас илүүдэлтэй байгаа учраас нүүрс импортлох хэмжээг буурууллаа гэсэн байна. Энэ нь Монголын нүүрсний экспортод нөлөөлөөд сүүлийн 2 сар дараалан бууралттай гарсан. Өнгөрөгч нэг сарын хугацаанд нийт 5,8 сая тонн нүүрс нэг сард экспортлоод байна.
Алсдаа манай улсад таатай байх нэгэн мэдээллийг өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын нүүрсний хэрэглээний тухай Дэлхийн цэвэр агаар эрчим хүчний судалгааны хүрээлэн мэдээллийг гаргасан байна. Тус улс нүүрсний эрчим хүчээр ажилладаг томоохон бүтээн байгуулалтууд, цахилгаан станцуудыг байгуулахаар ажиллаж буй. Хэдийгээр ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд шилжих үүрэг хүлээсэн ч тус улс нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ийнхүү зорьж буй нь манай улсын нүүрсний экспортын ирээдүйд таатай байдал анзаарагдаж байна.
Хэдийгээр БНХАУ дэлхий дахины өмнө цэвэр эрчим хүч, ногоон эрчим хүч, үйлдвэрлэл, технологийг нэмэгдүүлэх амлалт авсан ч нүүрсний цахилгаан станц, нүүрсний эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр зогсохгүй харин ч эрчимтэй нэмэгдүүлж байгаа. 2015 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд 66,7 гегаватт нүүрсний эрчим хүчийг йлдвэрлэхэд бэлэн болгоод байгаа аж.
Дэлхий дээр баригдаж байгаа нүүрсний цахилгаан станцуудын 70%-ийг бол дангаараа БНХАУ байгуулж байна.