
Өнгөрсөн бямба гарагт Сербийн Крагуевац хотод болсон оюутнуудын жагсаалд олон мянган иргэд нэгдсэн байна.
Тэд Сербийн засгийн газраас өнгөрсөн 11-р сард Нови Сад хотын галт тэрэгний буудалд болсон осолд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардан жагсжээ.
Reuters агентлагийн мэдээлсэнээр Крагуевац хотод болсон бямба гарагийн жагсаалд нэгдэхийн тулд зарим нь 140 км зайд байрлах Белград хотоос явган алхаж иржээ.
Жагсагчид хотын гол гудамжны хөлөлгөөнийг хааж, Нови Сад хотын галт тэрэгний буудлын барилгын бетон саравчинд дарагдан амиа алдсан 15 хүний дурсгалыг хүндэтгэн 15 минут чимээгүй зогссон байна.
Жил бүрийн 2-р сарын 15-ны өдөр сербичүүд Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэдэг учраас жагсаалд оролцож буй оюутнуудын дийлэнх нь Серби улсын далбаа барьсан байжээ. Бөмбөр нүдэж, шүгэл үлээх жагсагчид хүйтнийг үл ажран шөнө болтол жагссан байна.
2024 оны 11-р сарын 1-нд засвар хийгдээд удаагүй байсан Нови Сад хотын галт тэрэгний буудлын бетон саравч нурж, доор нь зогсож байсан 6 наснаас 74 насны 15 хүн амиа алдсан юм. Уг ослоос хойш Сербийн оюутнууд осолд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг мөн Нови сад хотын галт тэрэгний буудлын засвартай холбоотой техникийн бүх баримт бичиг, зураг төслийг ил болгохыг шаардан жагсаал суулт хийж эхэлсэн юм.
Оюутнуудын эхлүүлсэн хөдөлгөөн Сербийн бусад хотуудад өрнөж эхэлсэн ба оюутнуудын жагсаалын үр дүнд Сербийн Ерөнхий сайд Милош Вучевич албан тушаалаасаа огцроод байгаа бол тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич оюутнуудын жагсаалыг “гаднаас” зохион байгуулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эx Сурвалж: Aljazeera.com