
Жилийн өмнө ОХУ-ын Ямало-Ненецийн өөртөө засах оронд байрлах Засан хүмүүжүүлэх төвд хоригдож байхдаа нас барсан Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэхээр Борисовское оршуулгын газар түүний ээж ааваас гадна олон зуун хүн цуглажээ.
А. Навальныйг дэмжсэн хэргээр баригдаж, хоригдож болзошгүй эрсдлийг үл харгалзан олон зуун иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн том шүүмжлэгч гэгддэг байсан А. Навальныйн шарилд цэцэг өргөхөөр очжээ.
Барууны удирдагчдын хувьд дийлэнх нь А. Навальныйн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путиныг буруутай хэмээн үздэг. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц В. Путины дэглэмийн эсрэг тууштай тэмцэгч А. Навальный ОХУ-ын ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэх явцдаа амиа алдсан хэмээн, В. Путин эрх чөлөө болон эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн эсрэг зэрлэг балмад байдлаар тэмцдэг гэсэн бол Европын холбооны Гадаад харилцаа хариуцсан дээд төлөөлөгч Кайя Каллас А. Навальныйн үхлийн хариуцлагыг В. Путин хариуцах ёстой хэмээн Кремлиэс улс төрийн хоригдлуудыг бүгдийг нь суллахыг шаарджээ.
А. Навальный өнгөрсөн оны 2-р сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн өдрийн өмнө Ямало-Ненецийн өөртөө засах оронд байрлах Засан хүмүүжүүлэх төвд хоригдож байхдаа нас барсан юм. Түүнийг ХБНГУ-д эмчилгээ хийлгэснийхээ дараа 2021 онд эх орондоо ирэх үед нь нисэх онгоцны буудлаас баривчилсан билээ.
ОХУ-ын эрх баригчид түүнийг “экстремистүүд”-ийн жагсаалтанд оруулсанаар эрх баригчид түүнийг болон түүний Авлигын эсрэг санг ямар нэг байдлаар дэмжсэн, А. Навальныйн зураг, нэр зэргийг олон нийтийн газар барьж явсан иргэдийг торгох, хорих хүртэл арга хэмжээ авах эрхтэй болсон юм.
Түүнчлэн экстремист болон экстремист байгууллагаас зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцсон иргэдэд 6 хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх аж.
Эx Сурвалж: Theguardian.com