
Уран бүтээлч хүн тэр дундаа зохиолч хүн эрх чөлөөний нарийн мэдрэмжтэй хүмүүс байдаг болов уу. Учир нь онгод авьяас гэдгийг захирч хорих боломжгүй зүйл. Сэнгийн Эрдэнэ гуай өөрийн үзэл бодол, онгод авьяасаа хэн нэгнэээр захируулж байгаагүй нь түүний гайхамшигт бүтээлүүд төрөх үндэс болсон биз. Тэрээр Монголыг уран зохиолын ертөнцөд цоо шинэ, урд нь хэний ч бичиж байгаагүй уран яруу, уянгын, сэтгэл зүйн бичлэгийн хэлбэрийг бий болгосноор дахин давтагдашгүй зохиолч гэгдэх болсон. Түүний амьдралын тухай хээ шаагүй атлаа уран яруу сод бүтээлүүд нь олон мянган хүнийг “амтлагаар” хүмүүжүүлсээр байх нь дамжиггүй.
Ингээд утга уянгат хүүрнэлийн буурал өвөө Сэнгийн Эрдэнэ гуайн амьдралын гэгээн замналыг түүний бичсэн гүн ухааны ишлэлээр өмнөтгөн хүүрнэе.
“Зовлонгийн дунд хүн өснгө. Уй гашуу хүнийг ухаажуулна. Даанч холхи тэр жилүүдийн тухай нэгэн зүйлийн мөргөл буюу сэтгэлийн яруухан дуулал уянгалан уянгалсаар миний бие насан эцэслэвч энэ газар дэлхий дээр миний сүнс болон тэнүүчилж, цаасан дээр буулгасан буулгаагүй хамаагүй, хүнд хэлсэн хэлээгүй хамаагүй мөнхөрчихсөн юм шиг санагдана.”
Эцэг эх нь Буриадын нутаг Байгаль далайгаас Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн Галттай-д нүүж ирээд төд удалгүй 1929 онд Эрдэнэ хүү мэндэлсэн. Есөн настайд нь аавыг нь буриад ахан дүүстэй нь эсэргүү хэмээн барьж явснаар хүү эмээ, ээж, охин дүү гуравтайгаа тарчигхан амь зуун сумынхаа бага сургуульд суралцаж 14 настайдаа Улаанбаатарт ирж Офицерийн сургуульд зургаан жил суралцсан.
1949 онд 20 настай тэрбээр аль хэдийнэ амьдралынхаа ханийг олчихсон. Хэд хэдэн сонинд өөрийн шүлгээ хэвлүүлж Ч.Чимид Б.Явуухулан нартай дотны найзууд болж Улсын эх сургуульд сэтгэл судлалын эмчээр суралцаж байв. Тийнхүү 16-тай амраг, уран зохиолын ном, бас зохиолч найзууд байн байн хүртэх болсон гашуун ундаа түүний амьдралын жаргал болсон юм.
1951 онд Баягалмаа гэх охинтой болж мөн өөрөө Зохиолчдын эвлэлийн гишүүнээр элссэн юм. 1953 онд “Салхитын голынхон” туужаа бичиж өөрийгөө шүлэг яруу найрагт биш хүүрнэл зохиолд илүү авьяастайгаа ойлгожээ. Төд удалгүй гашуун дарсны гайгаар сургуулиасаа хөөгдөж ингээд зогсохгүй уушгмны сүрьеэ тусч уушги нь цоорсон байв. өөрийгөө удахгүй гэж бодож байсан ч сайн Орос эмчээр удаан эмчлүүлсний эцэст эдгэрч Ю.Цэдэнбал даргад алдаагаа ухамсарласан өргөдөл хүргүүлсэн сургуульдаа эргэн орж 1955 онд төгсөөд “Эмэгтэйчүүдийн галзуугийн больниц”-т ажилласан юм.
1957 онд эхнэр Цэрэндэжид нь амаржиж хүүтэй болсон нь бидний сайн мэдэх улс төрийн зүтгэлтэн Э.Бат-Үүл юм. Түүнээс хойш гурван хүү төрүүлсэн.
1961-1979 он хүртэл “Утга зохиол” сонин “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа инхэнх зохиол туужаа бичсэнээс дурьдвал: “Алтан Өргөө” кино зохиол, “Тэнгэрийн хаяа эхүүхэнд”, “Малын хөлийн тоос”, “Өдрийн Од”, “Хөх хулгана жил”, “Цасан доорх ногоо”, “Говийн нүдэн” кино зохиол, “Эх бүрдийн домог” кино зохиол, “Сэрүүн дуганы мөхөл” кино зохиол, “Наран тогоруу” “Баянбүрд” зэрэг юм. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд Монголын Зоихолчдын Эвлэлийн шагнал тус тус хүртэж байжээ. Сонирхолтой нь энэ их ажил үйлсийнхээ дундуур 1970 онд Москва-д сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Гэхдээ тэр солиорч галзуурсандаа биш амьдрал худал хуурмагаар дүүрсэн мэт санагдаж амьдрах хүсэлгүй болсон тэр л үедээ тайвшрахын тулд өөрийгөө ийн нийгмээс тусгаарласан хэрэг байв.
Амьдралын сүүлийн жилүүддээ “Занабазар”, “Хойт насандаа учирна”, “Амьдралын тойрог” зэрэг романууд “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино зохиолоо бичиж Ардын уран зохиолч цол тэмдэгээр энгэрээ мчлаасан юм. Эрдэнэ баавай 2000 онд 71 насандаа тэнгэрт хальсан юм.
Есөн насандаа эцгээсээ өнчирсөн, МАХН-ын батлахыг даргын нүүр рүү шидээд МУИС-аас хөөгдөж явсан, Монголын галзуугийн эмнэлэгийн эмч, Москвагийн галзуугийн эмнэлгийн өвчтөн, “Утга зохиол урлаг” сонин, Цог сэтгүүлийн эрхлэгч, ардчилсан хувьсгалын нэгэн удирдагчийг төлөвшүүлсэн Сэнгийн Эрдэнэ гэх энэхүү аугаа уран бүтээлчийн зохиол бүтээлүүд Монголын уран зохиолд хэчнээн зууныг элээн оршсоор байхыг таашгүй.