
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Associated Press агентлагийн сэтгүүлчдийн Цагаан ордны Зууван танхим болон Ерөнхийлөгчийн Air Force One онгоцонд нэвтрэхийг хоригложээ.
Цагаан ордны Харилцаа холбоо болон Хүний нөөцийг хариуцсан орлогч дарга Тэйлор Будовичийн X нийгмийн сүлжээнд бичсэнээр Associated Press агентлаг Америкийн булангийн хууль ёсны нэрийг үл тоомсорлосоор байгаа аж.
Тэрээр, “Associated Press агентлагийн хариуцлагагүй, шударга бус сурвалжлагууд нь АНУ-ын Үндсэн хуулиар хамгаалагдсан ч энэ нь тэд Зууван танхим, Air Force онгоц зэрэг рүү ямар ч саад бэрхшээлгүй нэвтрэх эрхтэй гэсэн үг биш.” хэмээн мэдэгджээ.
Тэйлор Будовичийн мэдэгдсэнээр AP агентлагийн сэтгүүлчид болон зурагчид Цагаан ордны бусад хэсэгт нэвтрэх боломжтой хэвээрээ аж.
AP агентлагийн гүйцэтгэх редактор Жули Пэйс Цагаан ордны зүгээс AP агентлаг Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэхэнс татгалзсантай холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагт агентлагийнх нь сэтгүүлчдийг Зууван танхим руу оруулаагүй нь АНУ-ын Үндсэн хуулинд АНУ-ын засгийн газар хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй гэсэн заалтыг зөрчлөө хэмээн мэдэгдсэн билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп өнгөрсөн сарын сүүлээр Мексикийн буланг Америкийн булан болгон өөрчлөх тогтоолд гарын үсгээ зурсан юм.
Эx Сурвалж: Assiciated Press