
Энэтхэгийн нийслэл Дели хотын галт тэрэгний буудал дээр Аллахабад хотод болж буй Кумбх Мела шашны баярыг зорих гэсэн иргэдийн дунд шахцалдаан үүсэж, багадаа 15 хүн амиа алджээ.
12 жилд нэг удаа болдог хиндү шашны хамгийн том баяр болох Кумбха Мела баярт оролцохоор Аллахабад хотыг зорих галт тэргэнд амжиж суух гэсэн иргэд дунд шахцалдаан үүсэж, 15 хүн амиа алдсаны дотор 10 эмэгтэй, 3 хүүхэд байгаа аж.
Нью Делигийн Лок Наяак эмнэлгийн эмчилгээ хариуцсан орлогч дарга Риту Саксенагийн мэдэгдсэнээр амиа алдсан иргэдийн цогцоснуудад ямар нэг ил шарх гэмтэл байхгүй байгаа нь тэдгээр иргэд нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж амиа алдсан байж болзошгүйг илтгэж байгаа аж.
Түүнчлэн уг шахцалдааны улмаас 11 хүн гэмтсэн гэжээ. 6 долоо хоногийн турш үргэлжлэх Кумбх Мела шашны баяр ёслолын үеэр мөргөлчид Ганга, Жамна голуудын усанд орж, нүглээ угааж ариусдаг уламжлалтай аж.
Өнгөрсөн сард Аллахабад хотод шөнө гол руу орж ариусах зан үйл хийх гэсэн мөргөлчид голын эргээр сууж, хэвтэж байсан хүмүүс дээр унаж, шахцалдаан үүсэн, 30 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Энэтхэгийн Төмөр замын сайд Агвини Вайшнав Аллахабад хотын чиглэлд нэмэлт галт тэрэг гаргаж буйгаа мэдэгджээ.
Албаны хүмүүсийн мэдээлсэнээр өнгөрсөн сарын 13-нд эхэлсэн Кумбх Мела шашны баярт хэдийн 500 орчим сая хүн оролцоод байгаа аж. 1954 онд болсон Кумбх Мела баярын үеэр нэг өдрийн дотор 400 гаруй хүн дарагдаж эсвэл живж амиа алдаж байжээ.
Эx Сурвалж: Theguardian.com