
Япон улс 200 мянга гаруй тонн нөөцийн цагаан будаа худалдаанд гаргана.
Японы эрх баригчид цагаан будааны үнийн өсөлтийг зогсоохын тулд нөөцийн цагаан будаанаасаа 210 мянган тонныг худалдаанд гаргахаар болжээ.
Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Этогийн мэдэгдсэнээр үнийн огцом өсөлт нь иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэлсэн учраас Японы засгийн газар дээрх шийдвэрийг гаргахад хүрчээ.
Тус улсад 5 кг цагаан будааны үнэ 2024 онд дунджаар 2023 иен байсан бол он гарсанаас хойш 3688 иен буюу 24 ам.долларт хүрчээ.
Японы засгийн газар өмнө нь байгалийн гамшиг болон ургацын хэмжээ буурсантай холбоотойгоор цагаан будааны нөөцөөсөө худалдаанд гаргаж байсан бол анх удаа үнийн өсөлтийн асуудлаас болж цагаан будааны нөөцөөсөө зах зээлд гаргаж байгаа юм.
2023 онд цагаан будааны ургац муудсанаас болж мөн өнгөрсөн онд Япон улс гадаадын олон сая жуулчдыг хүлээн авсанаас болж, цагаан будааны хэрэглээ огцом өссөн зэрэг нь цагаан будааны нөөц багасахад хүргэжээ.
Үүн дээр хар салхи, газар хөдлөлтийн анхааруулгаас болж иргэд цагаан будааг ихээр авч нөөцөлсөн нь ч нөлөөлсөн байна.
Японы Хөдөө аж ахуйн яам нөөцийн цагаан будааг ирэх сараас хөдөө аж ахуйн хоршоод болон бөөний худалдааны төвүүдэд худалдаалж эхлэх ба тэдгээр нь 4-р сараас эхлэн нөөцийн цагаан будааг иргэдэд худалдаалж эхлэх аж.
Японы Хөдөө аж ахуйн яам 1995 оноос хойш жилдээ 200 мянган тонн цагаан будааг нөөцөлдөг болжээ.
Эх Сурвалж: Theguardian.com