
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ баасан гарагт АНУ, ОХУ болон Украины албан тушаалтнууд ХБНГУ-д уулзаж, ОХУ-Украины дайныг дуусгах асуудлаар хэлэлцээ хийж эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Тэрээр, “Маргааш Мюнхен хотод, дараагийн долоо хоногт Саудын Араб улсад төрийн дээд албан тушаалтнууд уулзана. Эдгээр уулзалтанд Украины тал ч оролцоно.” хэмээн мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх ямар ч гэрээ хэлэлцээр Украин, Европын холбоо болон АНУ-ын хамтын байр суурьгүйгээр эхлэх ёсгүй хэмээн, бусад улс орны удирдагчдад В.Путины дайныг хурдан дуусгах гэсэн санаанд нь итгэхгүй байхыг анхааруулжээ.
Түүнчлэн В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түүнтэй ярилцахаасаа өмнө В.Путинтай ярилцсан явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Нөгөө талаас Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энх тайвныг хүсэж байгаад итгэж байгаагаа илэрхийлэн, ОХУ-ыг “Их-7”-д эргэн нэгдээсэй гэж хүсэж буйгаа онцолжээ. Кремлийн зүгээс АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн Саудын Арабад хийх уулзалтыг зохион байгуулах ажлаа эхэлсэн хэмээн мэдэгджээ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте ОХУ-Украины энхийн гэрээ нь бат бэх, урт настай байх ёстой гэсэн бол Германы канцлер Олаф Шольц хэлэлцээний үр дүнд ОХУ ялалт байгуулж эсвэл Украин улс нурах нь энх тайванд хүргэхгүйгээс гадна Европын тогтвортой байдлыг эрсдэлд оруулна гэжээ. Харин Европын холбооны зөвлөлийн Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кайя Каллас Вашингтон ОХУ-ын үгийг дагаж байна хэмээн буруушааж, Украин болон Европын холбооны оролцоогүйгээр ямар ч гэрээ хэлэлцээ өрнөх ёсгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/