
Монгол улсад багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн төрөл улам дээшээ тодоос тод хөгжсөөр байна. Үндэсний шигшээ багаас гадна мэргэжлийн багуудад ч маш том боломж, үүд хаалгаж нээгдээд буй.
Сагсан бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд шалгараад буй. Тэгвэл тус тэмцээний хүрээнд Монголын шигшээ баг “С” хэсгийн дараагийн буюу маш чухал тоглолтоо Гуамын талбайд зочлон хийх гэж байна. Шигшээ багийнхан энэ сарын 17-нд Гуамыг зорих бол 20-ны өдөр Гуамын талбайд хариуцлагатай тоглолтоо хийнэ. Шигшээ багийн тамирчид эрчимжсэн бэлтгэлээ хийж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлаад байгаа билээ.
Тус тоглолтын эргэн тойрон дахь мэдээллийг “Өрөг.mn” сайтаас албан ёсны эрхтэйгээр Гуамаас сурвалжлан хүргэх болно.
Ингээд энэ удаад шигшээ багтаа дуудагдсан Ганхуягийн Дөлгөөнтэй бид бэлтгэлийнх нь үеэр цөөн хорм ярилцлаа. Тэрбээр Texas Rio Grand Valley-ийн их сургуульд элсэн орж суралцаад 4 жилийн дараа эх орондоо ирээд байгаа юм. Ингэхдээ Г.Дөлгөөн NCAA D1-т тоглож буй хоёр дахь тамирчин болсон билээ.

-Өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт сайн уу?
-Сайн байна уу Та. Бэлтгэл сургуулилт үнэхээр сайн байна. Багаараа нэгдсэн болохоор 6-7 хоног бэлтгэл хийсэн байна.
-Энэ удаагийн багийн бүрэлдэхүүн маш гоё сонирхол татаж байгаа. Дөлгөөн маань өөрөө Америкийн NCAA коллежийн лигт тоглодог байгаа. Хэзээ яг шигшээ багтаа дуудагдах зарлан дуудахыг авсан бэ? Хариуцлагатай ийм дуудлага байгаа?
-Он гараад энэ тоглолт байгаа гэдгийг мэдэж байсан болохоор аавтайгаа ярьж байгаад холбооноос дуудах болбол ирье гээд ярилцаж байлаа.
Тэгээд ирэхээр шийдсэн байгаа. Мөн сургуультайгаа, коач нартайгаа ярилцаж байгаад энд ирж тогломоор байнаа гээд шийдвэрээ гаргасан байгаа.
-Өөрөө яг шигшээ багийнхаа нэг эд эс болж байна. Тэгээд бас багийнхантайгаа хэрхэн гоё дасан зохицож байна вэ?
-Үнэхээр гоё байнаа. Шигшээ багаасаа тоглоно гэдэг нь миний мөрөөдөл байсан. Мэдээж өөрийнхөө шүтэж явсан хүмүүстэйгээ тоглоно гэдэг бол үнэхээр аз жаргалтай байна даа. Дуртай спортоороо тоглоно гэдэг үнэхээр гайхалтай байгаа.


-Америкт сургуульдаа суралцаад бас коллежийн лигтээ тоглоод завгүй өдрүүдийг, оюутан ахуй цагаа өнгөрүүлдэг байх?
Тийм. Тэнд өглөө бүр ангидаа яваад л өдөр нь бэлтгэлээ хийгээд, ер нь тоглолтууд эхэлчихсэн бол шахуу хуваарьтай. Ер нь завгүй амьдардаг даа.
-Америкт хэдэн жил болж байна вэ?
-Би дөрвөн жил болсон. Дөрвөн жил болоод буцаад Монголдоо хүрээд ирлээ дээ.
Г.Дөлгөөн нь 204см өндөртэй бөгөөд өдгөө 22 настай. Төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Тэрбээр Монгол улсын арслан Д.Ганхуягийн хүү юм.


-Мэдээж шигшээ багтайгаа тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг. Ялангуяа шигшээ багийнхаа гоё гоё тоглогчидтой нэг баг болж тоглохнээ. Тэгээд дасгалжуулагчийнхаа багтайгаа, багийнхаа ахлагчтайгаа гоё ойлголцоод явах байх?
-Тиймээ. Коач нартайгаа ер нь бол нэлээн сайн ойлголцоод, багийнхаа хүмүүстэйгээ ярилцаад тоглох байх.
Ярилцсанд баярлалаа.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Грек мэргэжилтэн Фрагкиас Василойс ажиллаж буй.
Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, О.Энхбаатар, Ч.Тэмүүлэн, Б.Барсболд, Г.Балжинням, Б.Энх-Амар, Ч.Маргад, Т.Ууганбаяр, Ч.Ихбаяр, Б.Билгүүн, О.Эрдэнэцогт, Э.Саруул-Эрдэнэ, Э.Энхбаясгалан, Г.Болор-Эрдэнэ, А.Азбаяр нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтаад байна. Харин эдгээр тамирчдаас Ш.Энхийн-Одоос бусад нь энэ удаа шигшээ багтаа тоглох бүрэн боломжтой ажээ.