
Олимпын таеквондогийн “Пүмсэ-2025” УАШТ гурван өдрийн туршид үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа
Тус тэмцээн бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер зэрэг таван насны ангилалд медалийн эзэд тодорно.
Тэмцээний ангилал:
- Үндсэн ганцаарчилсан
- Үндсэн холимог хос
- Үндсэн баг
- Чөлөөт ганцаарчилсан
- Чөлөөт холимог хос
- Чөлөөт баг гэсэн багийн төрлүүдээр зохион байгуулав.

Тус тэмцээнд орон нутгаас Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ, Булган, Орхон зэрэг 10 гаруй аймаг болон нийслэлийн 7 дүүргээс баг тамирчид оролцлоо.
Нийт 46 байгууллагын 1700 гаруй тамирчин “Пүмсэ-2025” тэмцээний улсын аваргын медалийн төлөө хурд хүч, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорин өрсөлдсөн юм.


Тэмцээний үеэр тамирчин, дасгалжуулагч, холбооны төлөөлөл зочидтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
Таеквондогийн “Пүмсэ” төрлөөр 6-70 нас хүртэл хичээллэх боломжтой


МОТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МУГД Н.Эрдэнэбаатар


Манай таеквондогийн улсын аварга шалгаруулах ээлжит тэмцээн энэ оны цикл энэ сардаа эхлээд явж байна. Таеквондо дотроо олимпйн хөтөлбөрт орсон төрөл, олимпын хөтөлбөрт ороогүй хэдий ч удахгүй багтах Пүмсэ буюу дасгалын төрөл байж байгаа.
Энэ төрлөө дотор нь зургаа ангилж байна. Ганцаарчилсан, хос, багийн, таеквондо, аэробик гэсэн төрлүүдээр зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд 46 байгууллагын 1700 гаруй тамирчин оролцож байгаагаараа маш их өрсөлдөөнтэй, өндөр чанартай тэмцээн боллоо гэж харж байна.
Таеквондогийн спорт маань дэлхийд хөгжөөд 60 гаруй жилийн түүхтэй. Монгол улсад 1991 оноос хойш хөгжөөд 34-35 дахь жилдээ хичээллээд явж байна. Ер нь таеквондогийн үндсэн суурь бол Пүмсэ буюу үндсэн тоот дасгалын энэ төрлөөс эхлээд эндээс уламжлаад таеквондогийн суурь техникүүдээ эзэмшиж авсны дараа тулааныхаа ангилал руу ордог. Үндсэн суурь нь юм байгаа. Олимпын хөтөлбөрт хэдийгээр ороогүй байгаа боловч бусад тивийн наадам, Оюутны универсиад, тивийн тоглолтууд гээд бүх тэмцээнд энэ төрөл маань багтаад явдаг. Үүгээрээ онцлогтой.
Пүмсэний төрлөөр хичээллэснээр 6-70 нас хүртлээ хичээллэх боломжтой ийм төрөл.
Нэг ёсондоо эрүүл, нийтийн биеийн тамир тал руугаа түлхүү хөгжсөн. Яг олимпын төрөлд 18-30 гаруй насны хязгаартай эрчимтэй тийм үе байдаг.
Энэ төрөл онцлоход насан туршдаа хичээллэх боломжтой. Сүүлийн жилүүдэд ахмад настнууд хичээллэж, эрүүл чийрэг байх зорилгоор иог дасгал хийнэ. Үүнээс гадна таеквондонгийн пүмсэ төрөлд насанд хүрэгчдийн ангиуд нэлээн нээгдэж байгаа нь давуу чанарууд гэж харж байна.


Б.Анхням: Таеквондогийн Пүмсэ нь илүү техник шаардсан төрөл


Намайг Баасанчулууны Анхням гэдэг. Би Таеквондо хөгжлийн төв, Баянзүрх дүүргийн тамирчин байгаа. Өнөөдар пүмсэний улсын аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллын А ангилалд өрсөлдөж байгаа.
Би таеквондогоор хичээллээд 3 жил гаруй болж байна. Пүмсэгийн хувьд тулаанаасаа ялгаатай нь илүү хурд, хүч, амьсгаа гээд маш их тамирчны өөрийн хувийн зан чанарыг харуулсан төрөл юм.
Тулаан, пүмсэ хоёрыг хийхээр хоёр тэс өөр ялгаатай зүйл байдаг. Тулаан бол өшиглөлтөөр тулалдана. Пүмсэ нь болохоор илүү техник шаардсан төрөл.


“Пүмсэ-2025” УАШТ-ий гол зорилго нь олимпын таеквондогийн спортын үндсэн төрлүүдийн нэг болох Пүмсэ тоот дасгалын төрлийг олон нийтэд сурталчлан таниулах, баг тамирчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хүсэл сонирхлыг нь дэмжих, харилцан туршлага солилцох үйлсэд хувь нэмрээ оруулахад чиглэж буй ажээ.